Нийгмийн хариуцлагын цогц бодлоготой Эрдэнэт үйлдвэр, ахмадууддаа тэтгэврийн нэмэгдэл олгодог. Өөрөөр хэлбэл, гавьяаны амралтаа эдэлж буй ахмадууд үндсэн тэтгэвэр дээрээ Эрдэнэт үйлдвэрийн харьяат ахмадын хувиар нэмэгдэл хүртдэг гэсэн үг юм.
Энэхүү тэтгэврийн нэмэгдлийг тус үйлдвэр 2003 оноос эхлэн сар бүр олгож ирсэн бөгөөд жил бүр хэмжээг нь нэмэгдүүлж иржээ. Өнөөдрийн байдлаар, тус үйлдвэрээс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 2500 гаруй ахмад ажилласан жилээс хамааран 200-294 мянган төгрөгийн нэмэгдэл авдаг. Мөн Монгол түмний уламжлалт цагаан сар, Ахмадын баяр зэрэг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан ахмад бүрд 45-100 мянган төгрөгийн урамшуулал үзүүлж байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар ахмадын тэтгэврийн нэмэгдэл, насны ой, цагаан сар, ахмадын баярын урамшуулал, эмчилгээ сувилгаа болон бусад тусламж дэмжлэгт нийт 5.2 тэрбум төгрөгийг зориулжээ.