Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид оны эхнээс үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100-аас дээш хувиар биелүүлж байна

Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон 2020 оны эхний арван сар болон 10 дугаар сарын үйлдвэрлэлийн бүх төлөвлөгөөт үзүүлэлтээ 100-аас дээш хувиар давуулан биелүүллээ. Ил уурхайд өнгөрсөн сард уулын цул гаргалт 2211 мянган метр куб буюу төлөвлөгөөний биелэлт 107.4 хувиар, хөрс хуулалтын гүйцэтгэл 945.9 мянган метр куб буюу биелэлт 117.6 хувиар тус тус давсан үзүүлэлттэй байна. Эдгээрийг оны эхний арван сарын байдлаар авч үзвэл, уурхайчид 21397 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөө 104 хувиар, 9396.6 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, төлөвлөгөөг 106.8 хувиар биелүүлжээ. Хүдэр олборлолт өнгөрсөн сард 3226 мянган тонн, оны эхний арван сард 30601 мянган тоннд хүрч, төлөвлөгөө 100.9-101.9 хувиар биелсэн байна. Оны эхнээс 413750 тууш метр, өнгөрсөн сард 39150 тууш метр өрөмдлөг хийж, төлөвлөгөө 102.2-103.8 хувиар биелэв. Баяжуулагчид энэ хугацаанд өндөр амжилт гаргаж, өнгөрсөн 10 дугаар сард 2759 мянган тонн хүдэр боловсруулсан бол оны эхний арван сард нийт 27153 мянган тоннд хүргэсэн байна. Төлөвлөгөөний биелэлт 101.1-101.4 хувьтай байна. 

     Хүдэр дэх зэсийн агуулга оны эхний арван сарын байдлаар 0.461 хувь буюу төлөвлөгөө 100.3 хувь, молибденийн агуулга 0.0171 хувь буюу төлөвлөгөөний биелэлт  115.8 хувьтай байв. Харин өнгөрсөн сарын хувьд хүдэр дэх зэс, молибденийн агуулгын төлөвлөгөө 100.2-157.8 хувийн биелэлттэй байна. Зэс болон молибденийн  металл авалтын төлөвлөгөө өнгөрсөн сард 101-114.6 хувийн үзүүлэлттэй бол оны эхний байдлаар 100.4-109.2 хувиар биелсэн дүн гарчээ. Өнгөрсөн сарын үзүүлэлтээр зэсийн баяжмал гаргалтын төлөвлөгөө 102.8 хувь, молибденийн баяжмал гаргалт 179.5 хувьтай байна. Энэ үзүүлэлт оны эхний арван сарын байдлаар харвал, 102-123.5 хувиар биеллээ. 

     Эрдэнэт үйлдвэрийнхэн өнгөрсөн сард 50065 тонн зэсийн баяжмал ачуулж, төлөвлөгөөг 103.7 хувиар, 483.6 молибденийн баяжмал ачуулж, төлөвлөгөөг 129.4 хувиар, оны эхнээс нийт 484681 тонн зэсийн баяжмал, 4653 тонн молибденийн баяжмал  тус тус ачуулж, төлөвлөгөөг 101.7- 116.2 хувиар биелүүллээ. Оны эхний арван сард ачигдсан зэс, молиденийн баяжмалын чанарын төлөвлөгөө 102.2-104 хувь, өнгөрсөн 10 дугаар сарын үзүүлэлтээр зэс, молибденийн баяжмалын чанарын төлөвлөгөө 101.8-101.9 хувиар биелсэн байна.