Британи улсын бизнесийн төлөөллүүд Эрдэнэт үйлдвэрт ажиллалаа

 Монгол улс дахь Британийн Элчин сайдын яамны Уул уурхай, дэд бүтэц хариуцсан дарга А.Элбэгсайхан тэргүүтэй тус улсын уул уурхайн томоохон нийлүүлэгч компаниудын төлөөллөөс бүрдсэн баг Эрдэнэт үйлдвэрт ажиллав. Зочдын бүрэлдэхүүнд Transwest, General Metal Service, GSG LLC, MNTTT Group, Mongolia Investment, Sonoforte, Monhorus International, MMD зэрэг компанийн удирдлага, мэргэжилтнүүд багтан хүрэлцэн ирсэн байна. Уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч эдгээр компани “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай техник, технологийн шинэчлэл, стратегийн төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилготой юм.

Тэд Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Автотээврийн цехийн үйл ажиллагаатай танилцсан. Мөн айлчлалын хүрээнд зохион байгуулсан албан уулзалтад оролцож, өөрсдийн бизнесийн туршлага, давуу тал, цаашдын зорилтын талаар тус үйлдвэрийн удирдлага, мэргэжилтнүүдэд мэдээлэл хийв.