Д.ЭРДЭНЭБАТ: Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын 26000 стандарт нэвтрүүлнэ

Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдыг орон сууцжуулах хөтөлбөрийн ажлын явц болон нийгмийн цехүүдийн үйл ажиллагааны талаар Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.  

-“Уурхайчин” цогцолбор хорооллын барилгын ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү? 

     -“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчдыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд гурван хороолол баригдаж байна. Одоогоор “Уурхайчин-1” хорооллын барилгын ажил 85 хувьтай явна. Энэ оны 12-р сард ашиглалтад өгөхөөр зорьж байна. Гүйцэтгэгч компани захиалгаа аваад эхэлсэн. Одоогоор 150 ажилтан энэ хороололд орох хүсэлтээ өгч, гэрээгээ байгуулсан. Тэдний 123 нь Эрдэнэт үйлдвэрээс орон сууцны дэмжлэг болгож 12 сая төгрөг авна. Үлдсэн 25 ажилтан өмнө нь үйлдвэрээс орон сууцны дэмжлэг авсан хүмүүс байгаа. Бид гүйцэтгэгч компанитай хоёр талаасаа бичиг баримтаа цэгцэлчихсэн. Одоо санхүү дээр мөнгө шилжүүлэх ажил үлдээд байгаа. “Уурхайчин-2” хорооллын хувьд газар шорооны ажил нь эхэлчихсэн яваа. “Өргөө хан” компани энэ жил газар шорооны ажлаа дуусгаад, гараж болон нэгдүгээр давхруудаа цутгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. “Уурхайчин-3”-ын хувьд эхний ээлжийн 60 хаусны суурь цутгагдсан. Мөн “Люкс фүүд” компанийн өгч байгаа мэдээллээр энэ жил эхний 40 айлын орон сууцыг босгочихно гэсэн. Мөн зэрэгцээд дэд бүтцийн ажил явагдаж байна. Байшин хоорондын холболт дууссан. Хавар дулаарахаар нэгдсэн системтэй холбоод, дотор заслаа эхэлнэ. Тэгээд эхний ээлжийн 60 байрыг ашиглалтад өгөх юм. Ер нь 2020 оны төлөвлөсөн ажил үндсэндээ хэвийн явагдаж байна.

-Дулаан хүрэлцэхгүй асуудал яригдаж байсан. Энэ шийдэгдсэн үү? 

     -Бид “Уурхайчин” хорооллын дулааны төлөвлөлтийг эрт хийсэн боловч манай талтай тохиролцолгүйгээр дундаас нь “Метель таун” хотхон, гурван хаус барьчихсан байгаа. Дур мэдэж дулаан татсанаас манай “Уурхайчин-1” хороолол руу дулааны хангамж хүрэлцэхгүй байх болов уу гэсэн болгоомжлол байсан. Үүнийг Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц, “Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК, Засаг дарга нартай зөвшилцсөний хүчинд энэ асуудал бүрэн шийдэгдсэн. Удахгүй дулаанд холбогдож заслын ажил эхэлнэ.   

-Бүтээн байгуулалтын ажил эрчтэй яваа юм байна. Нийгмийн цехүүд стандарт хэрэгжүүлнэ. Энэ талаар...?

     -Коронавирусын дэгдэлтээс шалтгаалан Соёл, урлагийн цогцолбор, Спорт цогцолбор, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Орос сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсоод байсан. Намраас үйл ажиллагаа нь сэргэсэнтэй холбогдуулан нийгмийн цехүүдийнхээ ажлыг ахисан түвшинд гаргах, ашгийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.   2021 онд Эрдэнэт үйлдвэр Монгол улсад анх удаа нийгмийн хариуцлагын 26000 стандарт нэвтрүүлэхээр зорьж, бэлтгэл хангаж байгаа. Энэ нь хэдийгээр сайн дурын стандарт боловч Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн хариуцлагын асуудал юм.   Ерөнхий захирал Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд бүх төрлийн стандарт мөрдүүлэх үүрэг чиглэл өгсөн. Үүнтэй холбоотой Чанарын хяналтын хэлтсээс нэгдсэн зохион байгуулалт хийж байна. Манай нийгмийн цехүүд өнгөрсөн жилээс стандартууд нэвтрүүлээд эхэлчихсэн. Тухайлбал, Аж ахуй, үйлчилгээний цех маань үйлчилгээний стандарт нэвтрүүлчихсэн ажиллаж байгаа. Одоо зөвхөн байгууллагын стандарт болгон баталгаажуулах, бусад ижил төстэй байгууллагуудыг татан оролцуулах ажил үлдсэн. Би өмнө нь энэ чиглэлээр 10 жил ажилласан болохоор стандарт нэвтрүүлэх ямар адармаатай байдгийг мэдэхийн хувьд зөвлөгөө өгч ажиллаж байна.

-Ажил сайжруулах гурван сарын аян өрнөж байгаа. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэв? 

     -Нийгмийн цехүүдийн ажил үйлчилгээг сайжруулах гурван сарын аян зарласан. Эхний сарын аянаа дүгнэлээ. Нийгмийн 10 цех 161 ажил төлөвлөн хэрэгжүүлсэн байна. Үүний 36 нь гадагш чиглэсэн ажил, үлдсэн нь дотоод үйл ажиллагаагаа сайжруулахад чиглэгдсэн. Дотоод ажил сайжруулах чиглэлийн ажил 91 хувьтай, гадагшаа чиглэсэн ажлын биелэлт 90 хувьтай явна. Эндээс дүгнэхэд бидэнд засаж сайжруулах, шинээр төлөвлөж хийх ажлууд их байна. Биднээс хамаарахгүй асуудал ч байна. Энэ бүхнийг шат дараатай цэгцэлнэ. Дэвшилттэй талууд их гарсан.  Оёдлын цех гэхэд энэ нэг сарын хугацаанд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 110 хувиар биелүүлсэн амжилттай ажилласан. Ер нь манай нийгмийн цехүүдийн ажилчид коронавирусээс шалтгаалан ажил нь зогссон ч үйлдвэрлэлийн цехүүд дээр мэргэжлийн бус ажлуудыг тэр түвшинд нь хийж чадсан. Хэлтсийнхээ зүгээс нийгмийн цехийн ажилчдадаа баярлалаа.  

-Тусламж, дэмжлэг хэвийн үргэлжилж байна уу?      

     -Хэвийн. Гуравдугаар улирлын тусламж дэмжлэгийн ажил ерөнхийдөө цэгцэрсэн. Гэр хороололд амьдардаг ажилчдад түлээ, нүүрсний хөнгөлөлт 90 мянган төгрөг удахгүй олгоно. Эхний ээлжинд бүтцийн нэгжүүдээс хүмүүсийн судалгаа, санал  авах, давхцалыг арилгах зэрэг ажил хийгдэж байна. Үүний дараа орон сууцны хөнгөлөлтийн 12 сая төгрөгийг 123 ажилтанд олгоход нийт 1,5 тэрбум төгрөг зарцуулна.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.