Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын 5-р зуухны их засварыг Улаанбаатар хотын “Мон-Илч” компани гүйцэтгэж байна. Одоогоор буулгалтын ажил 90 хувьтай явна. Эрдэнэт үйлдвэртэй гурав дахь жилдээ хамтран ажиллаж байгаа “Мон-Илч” өмнө нь станцын 2, 3-р зуухны бүрэн засвар, 4-р зуухны агаар халаагчийг сольж байсан мэргэжлийн, туршлагатай компани юм. Их засварын ажлыг 60 хүний бүрэлдэхүүнтэй, шахуу төлөвлөгөөтэй гүйцэтгэж байгаа бөгөөд зуухны бүх тоноглолыг бүрэн сольж шинэчлэх ажээ. Есдүгээр сарын эхээр эхэлсэн эзлэхүүн ихтэй засварын уг ажлыг шинэ оны өмнө дуусгахаар шамдаж байна. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц 4 зуух, 5 трубины горимтой, Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн даалгаврын дагуу 39 мВт-ын цахилгаан эрчим хүчний ачаалалтай хэвийн ажиллаж байна. 10-р сарын нэгнээс үйлдвэрийнхээ бүсийн цех, нэгжүүдэд болон гадны 9 байгууллагад дулаан өгөөд жигдэрчээ. Одоогоор 48000 тонн нүүрсний нөөцтэй байгаа нь дунджаар 45 хоногийн нөөц юм.