Б.МАЖИНБУУ: Халамжлан хүмүүжүүлэх хөдөлгөөн нь мэргэжлийн өндөр чадвартай ажилчид бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн

Монгол Улсын геологи, уул уурхайн салбарт олон мянган шилдэг инженер, техникийн мэргэжилтэн, ажилчдыг бэлтгэж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн одоогийн “Эрдэнэт” цогцолбор дээд сургууль 1975 оны 10 дугаар сард Эрдэнэт үйлдвэрийн нэг хэсэг болон Сургалтын төв нэртэйгээр анх байгуулагдсан юм. Дараа нь Үйлдвэр техникийн сургалт ба халамжлан хүмүүжүүлэх төв, Эрүүл мэнд соёлын төв, Сургалт курсийн комбинат, Шаталсан сургалттай техникийн сургууль, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Технологийн сургууль, Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа “Эрдэнэт” цогцолбор дээд сургууль гэх мэтээр нэрлэгдэн тухайн цаг үеийн шаардлагыг даган үүрэг зорилго нь улам өргөжиж байлаа.

     Миний бие 1976 онд ЗХУ-д Политехникийн дээд сургууль төгсөөд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны томилолт өвөртлөн Эрдэнэтэд ирэхэд дарга нар үйлдвэр ашиглалтад орох хүртэл шинээр байгуулагдсан Сургалтын төвд багшаар ажиллаж, уул уурхайн гол мэргэжлүүдээр ажилчид бэлтгэхэд хүчин зүтгэх үүрэг өгснөөр ажил, амьдралын гарааг маань эхлүүлсэн юм. Инженерээр ажиллана хэмээн төсөөлж ирсэн надад хүүхэд залуусыг сургаж дадлагажуулах ажил анхандаа амар байгаагүй. Гэсэн ч хоёр жилийн дараагаас өөрийн сургаж дадлагажуулсан залуустайгаа үйлдвэр дээр ажиллана гэсэн бодлоор эхнээсээ маш тууштай, чин сэтгэлээсээ хичээлээ заадаг байсан. Харин хоёр жилийн дараа би захирлын хичээлийн асуудал хариуцсан туслах, дараа нь хичээлийн эрхлэгч, сургалт-хүмүүжлийн эрхлэгч, халамжлан хүмүүжүүлэх асуудал эрхэлсэн ахлах инженерээр 1986 он хүртэл ажилласан.  1995-2011 онд Сургалт курсийн комбинат, Шаталсан сургалттай технологийн сургууль, ШУТИС-ийн харьяа Технологийн сургуулийн захирал, инженер багш, ХАБЭА-н инженер зэрэг албыг хашиж яваад 2019 онд ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ. Харин өнөөдөр сургуулийнхаа болон Эрдэнэт үйлдвэрийн анхдагчдын тэргүүн эгнээнд “амьд түүх” хэмээн өргөмжлөгдөж байдагтаа сэтгэл хангалуун явна. 45 жил гэдэг эргэх хорвоогийн хэмжүүрээр нүд ирмэх зуурын хугацаа боловч хүний амьдралын тооллоор бол ухаан сууж, учир таньсан идэр нас юм. Төрөлх сургууль маань үйлдвэрлэл, сургалт, судалгааны амьд холбоог хөгжүүлэн 45 дахь жилдээ уул, уурхайн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж байна.

     1982-1985 онд миний хариуцсан “Халамжлан хүмүүжүүлэх хөдөлгөөн”-ий ажил үйлдвэрийн цех, нэгж, хэсгүүдийн онцлогийг илүү сайн судлахад тус болсон гэж боддог. Тэр үед зөвлөлтийн мэргэжилтнээс сурах хөдөлгөөн өргөн хүрээнд явагддаг байлаа. Тэргүүний багш-шавийг шалгаруулах, тэдний туршлагыг дэлгэрүүлэх, газар дээр нь очиж үзэх, ажил мэргэжлийн уралдаан явуулах гэх мэт олон ажил зохион байгуулдаг сан. Ер нь 1980-аад оны туршид өрнөсөн “Халамжлан хүмүүжүүлэх хөдөлгөөн” нь мэргэжлийн өндөр чадвартай  ажилчид, инженер техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд асар их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ хөдөлгөөнийг өнөө цагт ч сэргээж хэрэгжүүлмээр санагддаг. Энд олон жил ажиллахдаа ямар ч ажлын амжилт хүмүүс хоорондын бие биеэ хүндэтгэсэн сайхан харилцаа, хүн чанараас хамаардгийг ойлгосон. Мөн ямар ч ажилд томилогдсон мэдэж чадахаас илүү зөв хандлага, сэтгэл чухал. Хөдөлмөрийн хамт олон эв нэгдэлтэй, зорилго, зүтгэл нэг байж гэмээ нь амжилтад хүрдэг. Эргээд харахад хийсэн бүтээсэн бахархалтай, сэтгэл тэнүүн амьдрах сайхан.   

     1977-1980 онд хоосон талбайд суулгаж байсан моднууд өнөөдөр цэцэрлэгт төгөл болсон байна. 1977 оны зун одоогийн хичээлийн байр баригдаж байхад ажиллаж байсан орос цэргүүд, барилгачдын дүр төрх, зарим барилгачид бэлэн болсон цементэн шал дээр зориудаар мөрөө гарган дэггүйтэж байсан ул мөр, дотуур байр хичээлийн байрыг холбосон галерейн холболт гажсаныг тэр чигт нь үлдээсэн байгааг харахад дурсамж сэргэдэг.

    1977-1978 онд Сургалтын төвд ЗХУ-аас сургалтын хамгийн сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмж, хэрэгслүүд хэдэн жилийн нөөцтэй ирж байсан. Орос мэргэжилтнүүд хүртэл хараад мэл гайхаж билээ. Тухайн үед өөрийнх нь улсад үйлдвэрлэсэн юм ирж байхад тэд заримыг нь ашиглаж ч чадахгүй байгааг хараад гайхаж байсан ч учрыг нь сүүлд ойлгосон. Тэр үеийн хоёр улсын Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн төлөө ямар их хөрөнгө хүч зарж, богино хугацаанд дэлхийн түвшинд хүргэх зорилгоо биелүүлж байсны тод жишээ юм даа. 

     Эрдэнэт үйлдвэр 40 гаруй жил тасралтгүй найдвартай ажиллаж, Монголоо тэжээсэн “саалийн үнээ“ хэмээн нэрлэгдэн нийгмийн шилжилтийн хүнд үеийг нуруундаа үүрч гарсан нь хүний нөөцийн бодлого эхнээсээ их зөв явж ирсэнтэй шууд холбоотой. Чухамдаа 1970, 1980-аад онд бэлтгэгдсэн боловсон хүчний үр нөлөөгөөр өнгөрсөн он жилүүдэд үйлдвэр маань ямар ч бэрхшээл сорилтыг амжилттай даван туулж, одоо ч тэр эрчээрээ сайн ажиллаж явна. Энэ бол 1970, 1980-аад оны үеэс бий болсон “Эрдэнэтийн школа”-ын үр дүн гэж бардам бөгөөд бахархалтайгаар хэлнэ. Бидэнд олон үнэт зүйл бий. Цаг баримталдаг соёл, хариуцлагын тогтолцоо, удирдах, удирдуулах ёс, арга барил, ажилтан хүний ёс зүй, үйлдвэрлэлийн зохион байгуулалт, дэг журам, ажил мэргэжилдээ эзэн байдаг чанар, үйлдвэрээ хайрлах, талархах сэтгэл зэргийг уламжлуулан өвлүүлэх хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцөө бэлтгэдэг туршлага нь 1970, 1980-аад оны үеийн төр засгийн бодлого ямар цэгцтэй, алсын хараатай байсны бодит үр дүн юм.

Эрдэнэт үйлдвэрийн анхдагч,
ахмад багш,
ШУТИС-ийн хүндэт профессор
Б.МАЖИНБУУ