Эрдэнэт үйлдвэрт 2003 онд анх ажилд орсон. Хувь заяагаа холбосон үе гэвэл 2000 оноос юм даа. Учир нь би үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн механикийн хоёр дахь удаагийн өдрийн ангид 1998 онд элсэн суралцсан. Бидэнд Эрдэнэт үйлдвэрийн туршлагатай инженерүүд багшилж, дадлагын ажлаа үйлдвэрийн цех, ажлын байранд хийх боломж өгч байв. Энэ нь сургуулиа төгсөөд Эрдэнэт үйлдвэрт ажиллах хүсэл сонирхлыг төрүүлж, бадрааж өгсөн гэж бодож явдаг. Тухайн үед Эрдэнэт үйлдвэр, Технологийн сургуультай хамтран ажиллаж, 3.5-аас дээш голч дүнтэй 3 дугаар дамжааны оюутнуудынхаа 4,5 дугаар дамжаанд суралцах сургалтын төлбөрийг 100 хувь дааж, төгссөний дараа ажлын байраар хангах бодлого хэрэгжүүлж байсан. Энэ бодлогын үр өгөөжийг хүртэх аз завшаан надад бас ирсэн. Миний 5 дугаар дамжаанд суралцах сургалтын төлбөрийг Эрдэнэт үйлдвэр төлж, улмаар төгсөөд үйлдвэрийн хүн болж билээ.
Анхны ажлын гараа маань Баяжуулах үйлдвэрийн засварын хэсэгт тоног төхөөрөмжийн засварчнаар эхэлж, дараа нь ээлжийн мастер хийж байв. Ингээд үйлдвэрийнхээ нарийн мэргэжлийн инженер техникийн ажилтнуудын нөөц бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Екатеринбург хотын Уул уурхайн сургуульд хоёрдогч дээд боловсрол олгох хөтөлбөрөөр 2.5 жил суралцаж төгссөн. Энд баяжуулагч инженерийн мэргэжил эзэмшин, 2008 оноос Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт өрмийн машинч, баяжуулагч, технологич гэх зэргээр доороос нь ажиллаж байлаа. Ер нь манай үйлдвэрийн хүний нөөцийн бодлого нээлттэй бүх ажилтнуудаа мэргэжил дээрээ өсөх, ахих боломжийг бүрдүүлж өгдөг. Ажил мэргэжил дээрээ хичээсэн бүхэнд суралцаж хөгжих дэмжлэг, туслалцааг харамгүй зориулдаг гэж боддог.
Миний ажлын гараа тоног төхөөрөмжийн засварчнаар эхэлж байсныг өмнө би дурдсан. Засварчнаар 8 сар гаруй хугацаанд ажилласан ч ахмад туршлагатай инженерүүд, багш нараасаа ихийг сурч, дараа дараагийн ажилд минь сайн туршлага, арга барил болж үлдсэн гэж цаг үргэлж талархаж явдаг. Тиймээс өнөөг хүртэлх миний ажлын замналын туршид зааж зөвлөж, сургаж ирсэн үе үеийн багш нар, бригад хамт олон, ээлжийн мастерууд, удирдлагуудын ач тус, ажлыг чин сэтгэлээсээ хэрхэн гүйцэтгэх ёстойг ой тойнд минь гүн бат суулгаж өгсөн дөө. Хүний хэлсэн заасан бүхнийг тэр даруйд нь гүйцэтгэхийн зэрэгцээ илүү сайжруулах, бас хөнгөвчилж эв дүйтэй хийх, шинийг эрэлхийлэх гээд олон эрдэм ухааныг багш нар минь, хамт олон минь зааж сургасан. Одоо ч суралцсаар явна.
Цаг тухай бүр хамт олон, багийнхантайгаа зөвлөлдөж, нэгдэж ажиллахыг би хичээдэг. Одоо манай цехийн ажилтнуудын нас их залуужиж байна. Тэднийг сайн мэргэжилтэй, сайн ажилтан болоход нөлөөлөх зөв хүчин зүйлийг бүрдүүлж, тасралтгүй суралц гэсэн зарчмаар ажиллахыг зөвлөдөг. Тиймээс ч цехийн ажлын байранд олон хэлбэрийн сургалт зохион байгуулдаг. Давтан сургах, мэргэжил дээшлүүлэх болон багш шавь, ганцаарчилсан сургалтуудыг үе шаттай хийж, залуу ажилтнуудаа ажил мэргэжилдээ эзэн болж, хөгжиж дэвшин ажиллах үндсийг нь тавьж өгөхийн тулд зорьж байна. Шинийг харж урагшилж, тэмүүлэл дүүрэн ажиллаж хөдөлмөрлөөсэй гэж хүсдэг. Энэ ажлыг бид Захиргаа, хүний нөөцийн бодлогын газартай хамтран, судалгаа шинжилгээн дээр үндэслэн хийж байна. Засварчнаас цехийн дарга хүртэл дэвшин ажилласан миний ажлын замнал олон олон залууст боломж болон ирнэ гэдэгт эргэлздэггүй ээ.