Д.ЗОРИГТХҮҮ: Сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлнэ

Д.ЗОРИГТХҮҮ: Сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлнэ “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүүтэй уулзаж ярилцлаа.

-Энэ жил танай сургуулийн 45 жилийн ой тохиож байна. Түүхт ойгоо угтан хийж хэрэгжүүлсэн ажлын тань талаар хоёулаа ярилцлагаа эхлэх үү?

-Манай сургуулийн 30, 35, 40 жилийн ойгоор түүхээ баримтжуулах номууд хэвлэгдсэн байдаг. Энэ уламжлалыг үргэлжлүүлэн бид 45 жилийнхээ ойгоор сүүлийн 5 жилийн түүхийг нэмээд ном гаргаж байна. Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөс 3 дахь удаагаа магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардан авлаа. Чанарын менежментийн тогтолцоог ISO 9001 стандартын дагуу нэвтрүүлсэн. Гурав дахь удаа магадлан итгэмжлэгдсэн, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг цорын ганц сургууль боллоо. Ахлах сургуулиа Кембрижийн хөтөлбөртэй болгох зорилго тавин ажиллаж байна. Манай сургуулийн аж ахуйн хэсгийнхэн ахлах сургуулийн хоёр танхимд засвар хийж, нэг ангийг орчин үеийн стандартад нийцүүлэн шинээр тохижууллаа. Мөн аж ахуйн хэсгийн техникийн ажилчид өөрсдийн хүчээр цахим хичээл бэлтгэх студи тохижуулаад байна. Хана, шал нь дуу чимээ намсгах зориулалтын хавтантай студи бий болсон. Цаашид манай сургуулиас гаргаж байгаа цахим хичээлүүд чанарын өндөр түвшинд бичигдэх боломжтой. Германы хамтын нийгэмлэгийн байгууллагын (GIZ) 240 мянган еврогийн санхүүжилттэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гагнуурын сургалтын төв бий болгох ажлыг амжилттай хэрэгжүүлээд явж байна. Тоног төхөөрөмжүүдээ худалдаад авчихсан. Удахгүй Германаас ачигдана. Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн дэд профессор Б.Хээрийнбаатар ахлагчтай багш, оюутнууд “Цахилгаан хөтлүүрийн давтамжийн хувиргах техник, програмчлагдсан логик контроллёр”-ийн лаборатори байгуулж өөрсдийн хүчээр дөрвөн стенд хийж ашиглалтад оруулсан. Зах зээлийн үнээс гурав дахин бага өртгөөр стенд бүтээсэн нь манай багш нарын өндөр ур чадварыг илтгэсэн бүтээлч ажил боллоо. Залуучуудын холбооны залуус хандив цуглуулан сургуулийн дотуур байрыг тойрсон эвдрэл ихтэй замыг нөхөж засварласан нь багш, оюутнуудын талархлыг хүлээгээд байна. Дэлхийн болон Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг таван их дээд сургууль, МСҮТ-ийн багш нарын дунд олон төрөлт спортын тэмцээн зохион байгуулж, багийн дүнгээр манай сургуулийн хамт олон түрүүлсэн. Боловсролын байгууллагын чанарын менежментийн тогтолцоо ISO 21001 стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэн бүх ажилтнууддаа танилцуулах сургалт, ИТА-аа хэрэгжүүлэх сургалтад хамруулсан. Ингэснээр, манай сургууль боловсролын чанартай үйлчилгээг олон улсын стандартын дагуу хүргэх эхлэлээ тавиад байна.

-Танай сургуулийн нэр солигдсон. Нэршлийн талаар та ямар тайлбар хийх вэ?

-Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 224 дүгээр тогтоолоор Технологийн сургуулийн үйл ажиллагааг өргөтгөж “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль болгон өөрчлөн зохион байгуулах шийдвэр гарсан. Үүний дагуу БСШУС-ын сайдын 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн А/30 дугаар тушаалаар сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгосон. “Технологийн сургууль” нэрээр Орхон аймгийн иргэдэд танигдсан тул шинэ нэрийн талаар асууж лавладаг. Би жаахан тайлбарлая. “Эрдэнэтийн-Овоо”-ны дэргэд байгаа сургууль тул “Эрдэнэт” гэж байгаа. Цогцолбор гэдэг үгийн хувьд нэг талаас манай сургууль нь сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн уялдаа холбоог хөгжүүлэх цогц үйл ажиллагаа явуулдаг. Нөгөө талаас ахлах сургууль, мэргэжлийн сургалт, техник боловсрол, дээд боловсрол гээд бүх түвшний боловсрол эзэмших нөхцөл бололцоогоор хангаж, боловсролын цогц үйлчилгээ үзүүлдэг цогцолбор сургууль юм. Урьд нь манай сургууль магистрын сургалтыг бие даан явуулах эрхгүй байсан. Дээд сургууль болсноор магистрын сургалтыг бие даан явуулах боломж бүрдсэн. 

-Танай сургууль үүсэн байгуулагдсан цагаасаа хэдэн төрлийн мэргэжлээр хэчнээн хүн төгсгөөд байна вэ?

-Давхардсан тоогоор 51259 хүнд 87 төрлийн мэргэжил эзэмшүүлж төгсгөсөн. Долоон хөтөлбөрөөр 2129 хүнийг бакалаврын болон дипломын инженер болгон төгсгөөд байна. 

-Танай сургуулийн бусдаас онцлог, давуу тал юу вэ?

-Манай сургууль Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгж учраас сургалт үйлдвэрлэлийн уялдаа холбоог хангаж чадсан. Дэргэдээ үйлдвэртэй сургууль гэж “хошигнож” болох юм. Манай сургуулийг 3.2-оос дээш голч дүнтэй төгссөн оюутнууд Эрдэнэт үйлдвэрт ажиллах батламжийг Ерөнхий захирлаас гарддаг. 2013 оноос хойш 33 хүнд батламж гардуулж өгснөөс 28 нь үйлдвэрт ажиллаж байна. 

-Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийнхөө талаар ярина уу?

-“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Хаягдлын аж ахуйд хуримтлагдсан хаягдал, ядуу агуулгатай хүдрийн овоолгыг дахин ашиглах, агаараас тандан судлах 1,8 сая еврогийн санхүүжилттэй судалгааг Германы засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжүүлж байна. Мөн Баяжуулах үйлдвэрийн хаягдлыг ашиглан галд тэсвэртэй керамик материал үйлдвэрлэх боломжийг судлах 1,45 сая юань болон 80 сая төгрөгийн хамтарсан санхүүжилттэй судалгааг БНХАУ-ын Шинжлэх ухааны яам болон Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж байна. 

-Олон улсын чанарын шинэ стандартыг Эрдэнэт үйлдвэрт хэрэгжүүлэхэд танай сургууль хэрхэн оролцож байна вэ?

-Манай сургууль олон улсын стандартуудыг өөрийн сургууль дээр нэвтрүүлэхээс гадна бусад цех, нэгжүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх замаар түгээн дэлгэрүүлэх ажлыг хийж байна. Засвар механикийн заводод Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001 стандартын танилцуулах болон хэрэгжүүлэх сургалтууд явуулсан. Мөн ХАБЭА-н хэлтэстэй хамтран Эрдэнэт үйлдвэрт Олон улсын хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 45001 стандарт нэвтрүүлэх талаар сургалтууд явуулж байна. 

-Тус сургуулийн тулгын чулууг тавилцсан, эдүгээ багшилж буй эрдэмтэн багш нартаа хандан юу хэлэх вэ? 

-Сургуулийн хөгжилд үе үеийн удирдлага, эрдэмтэн багш нар, ажилтан ажилчдын нөр их хөдөлмөр зүтгэл шингэснийг тэмдэглэн хэлмээр байна. Дэлхийн багш нарын 26 дахь өдөр, Монголын багш нарын 54 дэх өдөр, сургуулийн 45 жилийн ойг тохиолдуулан сургуулийнхаа ахмадууд болон нийт хамт олондоо баярын мэнд хүргэж, бидний Эрдмийн их өргөө маань цаг ямагт инээд хөөр, баяр баясал, эрдэм мэдлэг, бүтээлч ажлаар дүүрэн бялхаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн барья. Орхон аймгийн болон Эрдэнэт үйлдвэрийн хамтран ажилладаг бусад цехүүдийн удирдлагуудад сургуулийн ажлыг дэмжин тусалж байдагт энэ завшааныг далимдуулан талархал илэрхийлье. 

-Сүүлчийн асуултыг танд үлдээе?

-Үнэхээр оюуныг дээдэлдэг, боловсролыг дэмждэг хүмүүс маш олон байдагт би их баярлаж явдаг. Гадаадын нэртэй их сургуулиуд бүгд дэргэдээ төгсөгч дэмжигчдийн хандивын хөрөнгөөр бий болсон сантай байдаг. Тус сангийн өссөн дүн, тухайн сургуулийн нийт зардлын 20-60 хувийг бүрдүүлдэг юм билээ. “Эрдэнэтийн-Овоо”-ны дэргэд Эрдмийн овоо сүндэрлүүлэх их үйлсийг дэмжих төрийн бус байгууллага бий болгох шаардлага байгаа. Байгалийн баялагт суурилсан уул уурхайн үйлдвэрлэлээс оюуны үйлдвэрлэлд шилжих шилжилтийг дэмжиж тэтгэх сан хэрэгтэй. Байгалийн баялаг хэзээ нэгэн цагт шавхагддаг нөөц юм. Харин оюун ухааны нөөцөд тулгуурласан оюуны үйлдвэрлэл хэзээ ч шавхагдахгүй. Энэ ажлыг 45 жилийнхээ ойн хүрээнд эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган дүрэм, журмыг боловсруулж байгааг дуулгахад таатай байна.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.