Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводынхан хөгжлийн бодлогоо баталгаажуулж, чанарын менежментийн шинэ стандарт нэвтрүүлж эхэллээ

Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводад ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоо шаардлагыг нэвтрүүлж  хэрэгжүүлэх, тус заводын бодлого баталгаажуулах үйл ажиллагааны нээлт боллоо. Нээлтийн ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх болон албаны хүмүүс, Засвар механикийн заводын ажилтнууд оролцов. Засвар механикийн заводын хамт олон чанарын менежментийн тогтолцооны стандартуудыг нэвтрүүлэх тухай Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/304 тоот тушаалын дагуу ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоо шаардлагыг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай хамтран хэрэгжүүлж эхэллээ. Мөн чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан гурван зорилт бүхий 29 ажлыг зохион байгуулж байна. Стандарт нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг танилцуулах, хэрэгжүүлэх, дотоод аудит гэсэн гурван модуль сургалтад давхардсан тоогоор заводын 700 орчим ажилтан хамрагджээ. Дотоод аудитын сургалтаар чанарын менежментийн тогтолцооны аудит явуулах заавар, ISO 19011 стандартын аргачлал, ур чадвар, өөрийн байгууллагын стандартад тохирч буйг  дотоод аудитаар төлөвлөх, тайлагнах зэрэг мэдлэгийг удирдлагын багийн 17 ажилтан эзэмшиж, дотоод аудитор болсон байна. Нээлтийн үеэр тэдэнд аудиторын гэрчилгээ гардуулж, цаашид тэргүүлэх аудитор болж бусад байгууллагуудад дотоод аудит хийх боломжтойг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү онцлов. 

 Эрдэнэт үйлдвэр,  чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартыг Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 146 тоот тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тодорхой үе шаттай эхлүүлж, 2004 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс нэвтрүүлснээр улсын хэмжээнд чанарын стандартын бодлоготой зургаа дах аж ахуй нэгж болж байв. Энэхүү стандартыг үйлдвэрийн үндсэн дөрвөн цех болон Чанарын хяналтын хэлтэст эхлэн хэрэгжүүлж, Стандарт хэмжилзүйн үндэсний төвөөс гэрчилгээгээ гардаж авсан байна. Тэр үеэс өнөөг хүртэлх 16 жилийн хугацаанд таван удаа давтан үнэлгээ хийлгэж, ISO 9001:2015 стандартыг 2021 оны  2 дугаар сар хүртэл эзэмшиж байгаа аж. Үүний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах, хөгжүүлэх зорилгоор Ерөнхий захирлын баталсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. “Дэлхийд өрсөлдөж буй уул уурхайн салбарын хөгжилтэй эн зэрэгцэхэд чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх нэн шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлэхэд Эрдэнэт үйлдвэрийн ажилтан бүрийн оролцоо, хандлага юу юунаас чухал. Энэ ажлыг түүчээлэн цех хамт олноороо чанарын менежментийн тогтолцоо шаардлагад суралцаж, бусдадаа жишиг болж байгаа ЗМЗ-ын хамт олонд амжилт хүсье” хэмээн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх хэлсэн үгэндээ онцолсон. Мөн нээлтийн үйл ажиллагааны үеэр тус заводын хамт олон “Шинийг сэтгэж, шилдгийг бүтээнэ” уриан дор алсын хараа, эрхэм зорилго, бодлого бүхий самбарт гарын үсгээ зурж,  баталгаажууллаа.