Тээвэр ложистикийн төвийн өвөлжилтийн бэлтгэл 73 хувийн гүйцэтгэлтэй байна. Үлдсэн хувийг цаг хугацаа хараахан болоогүй дулаалгын ажлууд эзэлж байгаа бол машин техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал 95 хувиар хангагдаад байна. Тус төвийнхөн “Ковид-19” хямралын эсрэг авах арга хэмжээний хүрээнд техник зохион байгуулалтыг сайжруулах замаар зардлаа бууруулж ажиллажээ. Үүний үр дүнд оны эхний хагас жилийн байдлаар 35 орчим сая төгрөгийн хэмнэлт гаргаж, гуравдугаар улиралд 100 орчим сая төгрөгийн орлого олжээ. Цаашид орлого нэмэгдүүлж, зардал бууруулах чиглэлээр эдгээр дүн өснө гэж Тээвэр ложистикийн төвийн удирдлага ярив.
Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд үлдэгдэл бараа материалын тооллого жил бүр 11 дүгээр сард хийгддэг байсан бол энэ жил 10 дугаар сарын 01-нээс тоолохоор төлөвлөжээ. Үүнтэй холбогдуулан бүтцийн цех нэгжүүд шаардлагатай бараа материалуудаа тооллого эхлэхээс өмнө татаж авч, төвлөрүүлэхийг анхааруулж байгаа аж. Өмнөх жилүүдийн тооллогын ажлын мөрөөр авч хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд Ерөнхий захирлын А/221 тоот тушаал гарч, цех нэгжүүдэд олон жил хадгалагдсан, ашиглагдахгүй байгаа болон ашиглах боломжгүй бараа материалыг Тээвэр ложистикийн төвд татан төвлөрүүлэх ажил хийгдэж байна. Энэ шийдвэр хэрэгжиж, одоогоор бараа татан төвлөрүүлэлт 70 орчим хувьтай байна. Эдгээр төвлөрүүлсэн бараа материалыг ашиглах боломжтой эсэхийг дахин судалж, зах зээлийн үнэ ханштай уялдуулан үнэ тогтоох, хямдруулах зэрэг ажил хийгдсэний дараа дотооддоо олгох, гадагш борлуулах боломж бүрдэх юм. Уг ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулдаг “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийн үйл ажиллагаа энэ жил бараа материалын тооллогын үеэр болох юм байна.