“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборын орлогч дарга Х.Үнэнзоригоос коронавирусын халдварын онцгой цаг үед дугуйлангуудын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж буй талаар тодрууллаа.
-2020-2021 оны хичээлийн жилийн дугуйлангуудын сургалт эхэлсэн үү?
-Ерөнхийдөө дугуйлангуудын бүртгэл дуусаад, сургалтын үйл ажиллагаа эхлээд жигдрээд явж байна. Одоогоор 11 төрлийн дугуйланд 180 гаруй хүүхэд бүртгүүлсэн. Эдгээр дугуйланг 20 багш удирдан ажиллаж байна. Дугуйлангийн үйл ажиллагааг Онцгой комиссын шийдвэр, дэглэмийн дагуу зохион байгуулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн ханган явуулж байгаа. Төгөлдөр хуур, морин хуур, дуу, драм, уран зургийн гээд ганцаарчилсан хэлбэрээр явагддаг хичээл олон байдаг. Энд ямар нэгэн хүндрэл гарахгүй. Харин ардын бүжиг, сонгодог бүжиг, спорт бүжиг, хувцас загварын дугуйлан хүүхдийн нягтрал ихтэй байдгийг харгалзан 10 хүүхдээр зааглаж ээлж болгосон. Хүүхдүүд аав, ээжтэйгээ ирээд нэгдүгээр давхарт дасгалын хувцсаа солиод, амны хаалтаа зүүгээд, гараа ариутгаад хичээлдээ ордог.
-Дугуйланд хүүхэд нэмж бүртгэх үү?
-Морин хуурын дугуйланд цөөн хүүхэд бүртгэх боломжтой. Бусад нь танхим дүүргэлт хангалттай учраас бүртгэл хаасан.
-Өнгөрсөн хугацаанд Соёл, урлагийн цогцолбор-ын үйл ажиллагаа хязгаарлагдмал байлаа. Энэ хугацаанд юу амжуулав?
-Цахим уралдаан тэмцээн зохион байгуулж, аян өрнүүллээ. Тухайлбал, бид 5-р сард Эх орны дайны ялалтын баярт зориулсан концерт тавьж, түүнийхээ бичлэгийг телевизээр, цахимаар ОХУ-д суугаа Эрдэнэт үйлдвэрийнхээ ахмадуудад, үе үеийн уурхайчдадаа, Эрдэнэт хотынхоо ард иргэдэд үзүүлсэн. Бидний хувьд сэтгэл ханамж өндөр байгаа. Жижиг хэлбэрийн цахим уралдаануудыг үйлдвэрийн ажилчид, тэдний гэр бүл, үр хүүхдүүд, дуу, бүжиг, ардын урлаг сонирхогчдын дунд зарлан амжилттай явууллаа. Тэр дундаа баяр наадмыг тохиолдуулан хийсэн “Дээлээр гоёсон долдугаар сар” аян маань БСШУЯ-нд өндрөөр үнэлэгдэж, бидэнтэй хамтарч ажиллах санал тавьсан. Монголын гэрэл зурагчдын холбоо, “Urban” брэндийн хамт олны анхаарлыг татаж мөн хамтарч оролцсон. Үндэсний хэмжээнд явагдаж байгаа “Соёлын цаг” хөтөлбөрт оролцож, хүнсний “Хүлэг” захын урд талбайд 30 минутын урлагийн тоглолт Эрдэнэтчүүддээ үзүүллээ. Үйл ажиллагаа хязгаарлагдсан энэ үед бид үзэгч, үйлчлүүлэгчидтэй, байнгын үйл ажиллагаатай байх үед хийх боломжгүй засварын нэлээд ажлыг амжууллаа. Тухайлбал, олон жилийн насжилттай цахилгааны монтажаа шинэчиллээ, тайзны хөгжмийн техник, гэрэл, дэлгэцэд урсгал засвар хийлээ. Хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлаа дууссан. Ер нь боломж олдсон дээр арын албаны нэлээд ажил нугалсан.
-Баярлалаа.