Эрдэнэт үйлдвэрийн техник шинэчлэлийн ажлууд төлөвлөгөөний дагуу тасралтгүй үргэлжилж буйг албаны хүмүүс онцлов. Тухайлбал, Ил уурхайд ирэх 10 дугаар сарын сүүлээр ОХУ-д үйлдвэрлэгдсэн шинэ өрмийн машин хүлээж авна. Мөн хоёр экскаватор 10, 11 дүгээр саруудад захиалгын дагуу ирэх юм байна. Тус цехийн хамт олон эдгээр техникийг энэ 4 дүгээр улиралд угсарч, ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Уул уурхайн хүнд даацын техникүүд угсрах ажил амаргүй ч өмнө нь ЭКГ-12 экскаваторууд угсарч байсан туршлага дээрээ тулгуурлаж, 30-40 хоногт багтаан угсарч дуусгана. Ингэснээр, энэ онд хийгдэх техник шинэчлэлийн төлөвлөгөө бүрэн биелэх боломж бүрджээ. Оны эхний хагас жилд Ил уурхайд техникийн шинэчлэлийн хүрээнд Бульдозер, грейдер, ЭКГ-12К экскаватор, Liebherr автокран, Сэрээт авто ачигч зэрэг 7 нэр төрлийн 10 гаруй уулын машин техникийн хөрөнгө оруулалт хийгджээ.