Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайд энэ онд хийгдэж буй томоохон хөрөнгө оруулалтын ажлын нэг нь жилд 15 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн барилгын бүтээн байгуулалт юм. Үйлдвэрийн шинэ барилгыг ирэх 10 дугаар сард ашиглалтад хүлээж авахаар ажиллаж байгаа бол тоног төхөөрөмжүүд нь барилгын ажил дуусах үеэр ирэх аж. Өнөөдрийн байдлаар, барилгын ажлын суурь цутгалтын ажил дуусжээ. Ажлын явцыг долоо хоног тутам ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэн дүгнэж байна. Мөн уурхайн цахилгаан хангамжийн өргөтгөлийн хүрээнд 35 киловаттын хүчин чадалтай хоёр под станц баригдаж, гүйцэтгэл 86 хувьтай байна. Одоо хоёр трансформаторыг зөөж тээвэрлэх бэлтгэл ажил хийгдэж байгаа бөгөөд энэ сарын дундуур “Эрдэнэтийн-Овоо”-ны дэргэд барьсан под станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Харин 5 дугаар овоолгын дэргэдэх под станцын холболт, тохируулга үргэлжлэн хийгдэнэ. Тус цехийн цахилгаан хангамжийг өргөтгөснөөр уурхайн олборлолтын хэмжээ нэмэгдэхийн хэрээр хэрэглээ нь өсөж буй цахилгаан эрчим хүчний хүрэлцээ болон найдвартай байдлыг хангахад өндөр ач холбогдолтой юм. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн үндсэн чиглэлд тусгагдсан Ил уурхайн хөрсний тээвэрт мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төслийн хүрээнд газар шорооны ажлын бэлтгэл, “Голдмен прожект” компанийн зүгээс уурхайн амсрыг тэлэх зөвлөмжийн дагуу хүдэр зөөх ажил хийгдэж эхэлжээ. “Төслийн хүрээнд хийгдэх 2.7 километр урттай конвейерийн тоног төхөөрөмжийн эхний ээлж ирсэн. Эдгээрийг хадгалах асуудлыг шийдэж байна. Бидний төлөвлөж буйгаар конвейерийн суурь тавих ажил энэ онд багтаж эхэлнэ” гэж Ил уурхайн дарга Б.Отгондаваа ярилаа.