Дуу цахилгаантай, аадар бороо ихтэй энэ зуны хувьд Эрдэнэт үйлдвэрийн цахилгаан тоног төхөөрөмжүүдийн аюулгүй байдал хэрхэн хангагдсан талаар Цахилгааны цехийн Цахилгаан техникийн тусгай лабораторийн эрхлэгч В.Анхбаяртай уулзаж тодрууллаа.
-Аянга зайлуулагч гэж юу болох талаар эхлээд та тайлбарлах уу?
-Уулын өндөрлөг газар болон дэд станцуудын хажууд байрласан өндөр шонгууд аянга зайлуулагч гэдгийг хүмүүс мэдэх байх. Мөн давхар агаарын шугам дагуу хамгийн өндөрт байх шугам бол хөндлөн аянга зайлуулагч юм. Өөрөөр хэлбэл аянгын идэвхжлийг хүнээс зайлуулж, өөр дээрээ хүлээж авдаг хүлээн авах, дамжуулах, газардуулах гэсэн бүтэцтэй өндөрт байрлах зүйлийг аянга зайлуулагч гэж нэрлэдэг. Тухайн тоног төхөөрөмж, төмөр хийц нь аянгыг хүлээн авч, газарт тархааж, газардуулдаг.
-Эрдэнэт үйлдвэрийн цахилгаан тоног төхөөрөмжүүдийн аюулгүй байдалд танайх хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ?
-Манай лаборатори Эрдэнэт үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжүүдийн аюулгүй байдалд шалгалт хийж, цахилгаанаар ажилладаг бүхий л тоног төхөөрөмжийн газардуулгыг шалгадаг юм. Бид хаврын хуурайшлын үе буюу 3 дугаар сараас 6 дугаар сарын эхэн хүртэл цех нэгжүүдийн газардуулгын хүрээг хэмжиж байна. Ингэхдээ дэд станц, барилга байгууламж, аянга зайлуулагч зэргийг тусад нь хэмждэг юм. Зуны улиралд тоног төхөөрөмжүүдэд нарны халалтын нөлөө их байдаг. Иймээс агаарын шугамын дагуу дэд станцад ил байрлаж байгаа бүх тоног төхөөрөмжүүдэд нил улаан туяаны үзлэг хийдэг. Түүнчлэн Эрчим зүйчдийн санал болгосон нарны дэлгэц зэрэг тоног төхөөрөмжид үзлэг хийж байна. Манай лабораторийн хувьд Төвийн бүсийн барилга байгууламжуудад хэмжилт хийх эрхтэй тул гадны байгууллагууд үйлдвэрийн тогтоосон үнээр хэмжилт туршилт хийлгэх боломжтой.
-Энэ жилийн хэмжилтээр зөрчил илрэв үү?
-Цахилгаан байгууламжийн газардуулга нь өндөр байсан зарим цех нэгжүүдэд сануулга өгч, зөрчил дутагдлаа арилгасны дараа Эрчим зүйн хэлтэст энэ талаар тайлагнасан.
-Түүнийг хэн засах вэ?
-Тухайн цехийн барилга байгууламж хариуцсан эрчим зүйчид өөрсдөө засварлаж, угсардаг. Бид нэмэлт электрод зоож газардуулах уу, эсвэл хөрсний эсэргүүцлээ багасгах уу гэсэн асуудалд мэргэжлийн зүгээс арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
-Ингэхэд манай үйлдвэрийн аянга зайлуулагчийн найдвартай ажиллагаа ямар түвшинд байдаг вэ?
-Бараг 95 хувь нь найдвартай, дэд станц, тоног төхөөрөмжүүдийн аянга зайлуулагч хэвийн ажиллаж байна.
-Аянга зайлуулагч ямар зайнд аюулгүй байдлыг бий болгодог вэ?
-Хийц бүтээцээсээ хамаарч харилцан ялгаатай байдаг. Өндөр байх тусмаа л хамгаалах тойргийн радиус их байна гэсэн үг. Хос шонт болон нэг шонт аянга зайлуулагч гэж бий. Нэг шонт аянга зайлуулагчийн газрын хөрснөөс дээрх өндрийн хэмжээ хамгаалалтын эхний цэг болно гэсэн үг. Энэ нь хамгийн өндөр цэгээс хааш хаашаа 45 градусын эргэн тойрон дахь газрыг аянгаас хамгаалж чаддаг.
-Энэ жил аянга, цахилгаантай бороо их орж байна. Төвөөс алслагдсан газрууд аянга цахилгаанаас хамгаалахын тулд ер нь ямар арга хэмжээ авбал зүйтэй вэ?
-Манай дэд станцуудын зарим нь Эрдэнэт хотоос 60 км-ийн цаана байна. Хүний төвлөрлөөс хол учраас тухайн үеийн газардуулгын эсэргүүцлийн норм өндөр. Стандарт дүрэмд 30 ОМ байхаар заасан байдаг. Энэ стандартаар төв суурингаас хол байгаа аж ахуйн нэгжүүд барилга байгууламждаа дүрмийн дагуу гар хийцийн аянга зайлуулагч хийж болно. Жишээ нь, газрын хөрсийг 70-80 см ухаж, 2,5 м төмөр зэс, хөнгөн цагаан электродыг хамгийн багадаа 3-4 ширхэг зоож, хооронд нь холбосноор цахилгаан байгууламжийн газардуулга хийх боломжтой. Түүнийгээ аль болох өндөр цэгт гаргаж тавибал аянга зайлуулагч буюу хүлээн авагч болдог.
-Манай үйлдвэрийн хэмжээнд аянга цахилгаанд өртсөн тохиолдол байдаг уу?
-Эрдэнэт хотыг усаар хангадаг агуулах буюу усан санд энэ зун аянга буусан. Сүүлийн 3 жилд болсон анхны тохиолдол. Аянга бууснаар трансформаторын нэг кабель, агаарын шугамын утас тасарсан. Гэхдээ манайхан цаг тухайд нь арга хэмжээ авч, засвар үйлчилгээ хийснээр үйл ажиллагааг нь хэвийн болгосон.