“Их зогсолт”-ын ажиллах хүч болон туслах машин техникүүд 100 хувь бэлэн болжээ

   Эрдэнэт үйлдвэр жилд нэг удаа үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа зогсоож, нөөцгүй тоног төхөөрөмжийн найдвартай байдлыг хангах зорилгоор их засвар хийдэг.“Их зогсолт” гэж нэрлэдэг их засварын ажил энэ сарын 31-нээс 8 сарын 2-ны өдрийг хүртэл 48 цагийн хугацаанд үргэлжилнэ.Тасралтгүй үйл ажиллагаатай  үйлдвэрийн хувьд нэн чухал ажил болдог “Их зогсолт”-ыг бэлтгэл сайтай, чанартай хийж гүйцэтгэх үүднээс ажлын хэсэг нарийвчилсан төлөвлөгөө гарган, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

     Өнөөдрийн байдлаар, “их зогсолт”-ын үеэр ажиллах хүч, хийх ажлын хэмжээ болон туслах машин техникүүд 100 хувь бэлэн болжээ. Бараа материалын хангамжийн хувьд одоогоор ямар нэг хүндрэл бэрхшээл гараагүй, шаардлагатай үндсэн материал, сэлбэг тоног төхөөрөмжийн хангалт төлөвлөгөөний дагуу нийлүүлэгдэж, 70 орчим хувийн биелэлтэй байгаа аж. Үлдсэн 30 хувийг энэ сарын 30-ны дотор бүрэн нийлүүлэхээр ажиллаж буйг Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг онцлов.  Их зогсолтод Баяжуулах үйлдвэр, Ус хангамжийн цех, Цахилгаан цех, Холбоо мэдээллийн технологи автоматжуулалтын цех, Засвар монтажийн цехүүд оролцож, засварын үндсэн ажлуудыг хариуцаж гүйцэтгэх юм.