Эрдэнэт үйлдвэр жилд нэг удаа 48 цагаар үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, шаардлагатай тоног төхөөрөмжид их засварын ажил хийдэг уламжлалтай. Ингэхдээ тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, мэргэжлийн инженер, техникийн ажилчдын хүчээр тухайн цагт амжуулан засвар үйлчилгээгээ хийсээр ирсэн. Энэ сарын 31-нээс ирэх сарын 02-ны өдрийг хүртэл үргэлжлэх их зогсолтын үеэр Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн хамт олон давтамжийн секцийг шинэчлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.
Нунтаглан баяжуулах хэсгийн 9 том тээрмийг залгаж, салгах зориулалт бүхий энэхүү тоног төхөөрөмж нь 20 гаруй жил ажилласан бөгөөд ашиглалтын хугацаа дуусч, гэмтэл саатал гарах болсон тул шинэчлэхээр шийдвэрлэжээ. Улмаар 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу БНХАУ-ын дэлхийд тэргүүлэгч “АВВ” фирмд үйлдвэрлэсэн өндөр хүчин чадалтай шинэ секц хүлээн авч, өнөөдрийн байдлаар угсралтын ажлыг 80 хувьтай гүйцэтгээд байна.
Өндөр зохион байгуулалт, бэлтгэл шаардсан энэ ажилд Баяжуулах үйлдвэрийн Цахилгааны алба, тохируулгын инженерүүд, Засвар угсралтын цехийн Цахилгааны монтаж угсралтын хэсэг, Цахилгааны цехийн холбогдох өндөр хүчдэлийн мэргэжилтнүүдээс бүрдсэн 50 гаруй хүнтэй баг ажиллах юм. Давтамжийн секц суурилуулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэснээр тээрмүүдийг асаах зөөлөн асаалтын давтамж хувиргагчийг солих боломж бүрдэнэ гэдгийг мэргэжлийн хүн тайлбарлалаа.