Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн хамт олон 2020 оны эхний хагас жилийн бүтээмжийн ажлаа дүгнэжээ. Тус цехийнхэн энэ онд ажилчдын сайн санал, саналын хэрэгжүүлэлтийн түвшнийг ахиулах, бүтээмж чанарын дугуйлангуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, үр өгөөжийг тооцох, баталгаажуулах механизмыг бүрдүүлэхийн тулд нийт ажилтнуудын бүтээлч санаачилгыг эрчимжүүлэн, шинэ санаа шийдэл олох, үйлдвэрлэлд хэрэгжүүлэх боломж, дэмжлэгийг бий болгох зорилт дэвшүүлэн ажилласан байна. Ингэснээр цехийн ажилтнууд сайн саналын системд 218 санал бүртгүүлснээс 179 санал үнэлгээ авч, 157 санал нь хэрэгжсэн байна. Өөрөөр хэлбэл, нийт саналын 81.7 хувь нь бодит ажил болон хэрэгжжээ. Ажилтнуудын сайн санал гаргах идэвх оролцоо ч 37.5 хувьд хүрч ахисан байна. Энэ оноос шинээр ажилтнуудын хамтын гүйцэтгэлийг дүгнэдэг болсон бөгөөд тус цехийнхэн энэ үзүүлэлтийн төлөвлөгөөг 104.6 хувиар биелүүлэв. Мөн бүтээмжийн үйл ажиллагаагаараа 38.5 хувийн үзүүлэлттэй гарсан байна. Энэ нь үйлдвэрийн дундаж үзүүлэлт 26.7 хувиас 10 гаруй хувиар өндөр байна гэж тус цехийн Бүтээмжийн менежер А.Долгормаа ярилаа.
Ус хангамжийн цех нийт 22 бүтээмж чанарын дугуйлангаар дамжуулан бүтээмжийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Энэ онд “Дэвшил”, “Хөх монгол”, “Чадал”, “Бод, сэтгэ, бүтээ”, “Хамтын хүч”, “Шинэ эргэлт” зэрэг 12 дугуйлан идэвх санаачилгатай ажиллаж, 6 төсөл, 14 жижиг сайжруулалтын ажил багаараа хийж гүйцэтгэсэн байна. Эдгээр төсөл нь ХАБЭА-н зөрчил, эрсдлийг бууруулж, эрчим хүчний зардал хэмнэхийн зэрэгцээ хамт олны эерэг хандлага, түүний үр өгөөжийг нэмэгдүүлснээрээ чухал ач холбогдолтой болжээ. Цехийн бүтээмжийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор “Бүтээмжийг дээшлүүлэх шилдэг санаачилга” уралдааныг 6 дугаар сарын 22-ноос ирэх 11 сар хүртэл зарласан байна. Уралдааны үр дүнгээр цехийн “Шилдэг хамт олон”, “Шинэ санаа-шилдэг төсөл”, “Шилдэг ажлын байр” болон бүтээлч санаачлагч ажилтнуудыг шалгаруулан урамшуулж, тэргүүн туршлагаас нь бусад хэсгүүдэд түгээж сурталчлах аж.