“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын долоо хоног тутмын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр өргөтгөсөн байдлаар боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд уламжлал ёсоор хөдөлмөрийн аюулгүй байдлын үйл ажиллагааны талаарх мэдээллийг ХАБЭА-н дарга Д.Мөнхболд хийв. Өнгөрсөн долоо хоногт хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр нийт 62 ажилтан шалгалт өгч, үйлдвэрийн хэмжээнд өндөр эрсдэлтэй 5 ажил хийгдсэн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын дөрөвдүгээр үзлэг Эрдэнэт сувиллын цогцолборт явуулж, хангалттай үнэлгээ өгсөн бол энэ долоо хоногт Геологи хайгуулын экспедиц, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах юм байна. Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий мэдээлснээр уурхайчид 7 сарын эхний 19 хоногт үйлдвэрийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ биелүүлэн ажилласан байна. Уулын цул гаргалт төлөвлөгөөнөөс 88 мянган метр кубээр, хөрс хуулалт 95 мянган метр кубээр, хүдэр боловсруулалт 8 мянган тонноор тус тус илүү үзүүлэлттэй гарчээ. Төлөвлөгөөт засварын ажлууд урагштай явж буйг үйлдвэрлэлийн хэлтсийн дарга мэдээлэлдээ дурьдлаа. Тухайлбал, 8 дугаар тээрмийн засварыг дуусгаж, өнөөдөр залгах бол 4 дүгээр тээрмийн засварыг энэ сарын 23-наас эхлэхээр бэлтгэл хангаж байна. Үйлдвэрийн хэмжээнд хавар зуны бэлтгэл ажлын хүрээнд нийт 284 ажил төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Цаг үеийн болон төлөвлөгөөт ажлуудын талаар цех нэгж, газар хэлтсийн удирдлагууд мэдээлэл хийсний дараа ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх зарим асуудлаар тодруулж, ажилтан бүр хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг нягт мөрдөж, биелүүлж ажиллахыг анхаарууллаа.
Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2020 оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ 100-120.1 хувиар биелүүлж, үүнийг дагаад санхүү эдийн засгийн үзүүлэлтүүд зорилтод түвшинд хүрсэн байна. Энэ тухай ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа мэдээлж, удирдлагын багийнхан болон нийт уурхайчиддаа баяр хүргэж, амжилт хүсэв. Энэ хугацаанд нийт орлогын төлөвлөгөө 1 хувиар, цэвэр ашгийн төлөвлөгөө 38.7 хувиар давж биелжээ. Эрдэнэт үйлдвэрийнхэн нийт зардлаа 5.6 хувиар, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний зардал болон борлуулсан бүтээгдэхүүний нэг төгрөгт ноогдох зардлыг тус бүр 2.8 хувиар бууруулсан байна. Оны эхний хагас жилд зэсийн үнэ гүйцэтгэлээр төлөвлөснөөс 8.4 хувиар буюу тонн тутамд 501 ам.доллараар бага байсан ч зорилтот түвшнээ бүрэн хангаж, улс орон нутгийн төсөвт 274.3 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ. Мөн менежментийн болон зардал бууруулах хэмнэлтийн оновчтой бодлого авч хэрэгжүүлж ажилласны үр дүнд 73 тэрбум нэмэлт орлого, зардлын хэмнэлттэй ажилласныг Санхүү, эдийн засагч хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа мэдээлэлдээ онцлов.
Өргөтгөсөн шуурхай зөвлөгөөнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн өнөөгийн байдал, маргаашийн зорилт төлөвлөгөөний талаар танилцууллаа. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрийг 2031 хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг нарийвчлан, 2020-2024 онд хийх ажлуудаа үндсэн үйлдвэрлэлийн өргөтгөл, шинэчлэлийн төслүүд, дэд бүтэц, нийгмийн хөгжлийн төслүүд, үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, шинээр хэрэгжүүлэх төслүүд гэсэн агуулгын хүрээнд тодорхойлов. Энэхүү зорилго чиглэлийн дагуу хамгийн оновчтой, зөв хэлбэрээр өндөр үр дүнд хүрэхүйц хөрөнгө оруулалт, технологи шинэчлэлийг хийж хэрэгжүүлэхийг чухалчиллаа.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Баяжуулах үйлдвэрийн насосны машинч Н.Амарсайхан, тоног төхөөрөмжийн засварчин Ж.Дашвандан нарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын тушаалаар “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр шагнасныг үйлдвэрийн удирдлагууд гардуулж, баяр хүргэлээ. Баяжуулах үйлдвэрийн насосны машинч Н.Амарсайхан Эрдэнэт үйлдвэрт 27 жил ажиллаж байгаа бол тоног төхөөрөмжийн засварчин Ж. Дашвандан 17 жил ажиллаж байгаа аж.