-Эцэг, эхчүүдийг бухимдуулсан "Номч" сургуулийн олимпиадын эргэн тойронд-
“Номч” бүрэн дунд сургуулийн нэрэмжит математикийн “Стандарт” олимпиад энэ сарын 21-ний өдөр тус сургууль дээр болсон билээ. Гэвч энэхүү олимпиадад хүүхдээ оруулахаар очсон эцэг, эхчүүд нэлээд бухимдаж, “Олимпиад нэрийн дор бизнес хийж байна” хэмээн олон нийтийн сүлжээгээр шүүмжилж эхэлсэн юм. Учир нь, олимпиадын зохион байгуулалт тун муу байснаас гадна шалгалт авах анги танхим нь тодорхойгүй, хүүхдийг олон цагаар гадаа зогсоосон, эцэг эхчүүд хүүхдээ олж авч чадахгүй хууль хүчний байгууллагынхныг дуудсан, шалгалтын тест задарсан, олон цаг хүлээлгэсний эцэст хоёрдугаар ангийнхны олимпиадыг цуцалсан зэрэг асуудлууд гарсан нь эцэг, эх, сурагчдыг бухимдуулсан аж.
Түүнчлэн хамгийн ноцтой зүйл нь “Номч” бүрэн дунд сургуулийнхан олимпиадад оролцсон хүүхэд нэг бүрээс Мандатны хураамж хэмээн 5000 төгрөг авсан байна. Ингээд маргааш нь буюу энэ сарын 22-ны өглөө тус сургуулийн албан ёсны фэйсбүүк хуудаст олимпиадад оролцсон 1-12 дугаар ангийн нийт сурагчдын шалгалтын хариуг анги бүрээр нь нийтэлж, байр эзлүүлжээ.
Энэхүү жагсаалтад бичсэнээр нийслэл болон хөдөө орон нутгийн 100 гаруй ерөнхий боловсролын сургуулийн нийт 6230 хүүхэд уг олимпиадад оролцсон байна.
1-р анги 493
2-р анги 1120
3-р анги 1117
4-р анги 1126
5-р анги 749
6-р анги 563
7-р анги 482
8-р анги 209
9-р анги 178
10-р анги 83
11-р анги 54
12-р анги 65
Ингээд тооцохоор “Номч” бүрэн дунд сургууль олимдиадад оролцсон сурагчдын мандатны хураамжаас нийт 31,150,000 /гучин нэгэн сая нэг зуун тавин мянга/ төгрөг олжээ.
Ингээд үүсээд буй асуудалтай холбоотойгоор БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар, НМХГ-ын холбогдох албан тушаалтнуудаас “ЕБС-ын зохион байгуулж байгаа олимпиадад хэн зөвшөөрөл өгч, хяналт тавьдаг вэ” гэдэг асуудлаар тайлбар авсан юм.
БСШУСЯ: Хувийн сургуулиудын зохион байгуулж буй олимпиадад яам хяналт, зохицуулалт хийдэггүй
БСШУСЯ-ны ЕБС-ын бодлогын газар:
-“ЕБС-ийн бодлогын газраас хувийн сургуулиудын зохион байгуулж буй олимпиадад ямар нэгэн хяналт, зохицуулалт хийдэггүй. Нийслэлийн боловсролын газар юм уу, Математикийн олимпиад зохион байгуулах хороо л хянаж зохицуулах байх. "Номч" сургууль дээр болсон асуудлаар бид ямар ч мэдээлэлгүй байна”.
Нийслэлийн боловсролын газар:
НБГ: Сурагчдаас мөнгө хураамж авахыг хориглосон сайдын А98 дугаар тушаал байгаа
-“Манайх энэ асуудалд хяналт тавих байгууллага биш. Манай үйл ажиллагааны чиг үүргийн дагуу Боловсролын тухай хууль, тогтоомжын стандарт хэрэгжилт, сургалтын төлөвлөгөө хуваарийнхаа дагуу явж байгаа эсэх зэрэг асуудлуудад төвлөрч ажилладаг. Олимпиад зохион байгуулах түүнтэй холбоотой асуудлуудад мэргэжлийн хяналтын газар хяналт гаргаж ажиллах ёстой. Бид энэ талаар мэдээгүй. Хэрэв бидэнд мэдэгдсэн бол үүнийг зогсоох боломжтой байсан. Ер нь сурагчдаас мөнгө хураамж авахыг хориглосон салбарын сайдын А98 дугаар тушаал байгаа. Хэрэв тухайн байгууллага хүүхдээс мөнгө төгрөг хураан авч, үйл ажиллагаа зохион байгуулсан бол энэ нь өөрөө хууль зөрчиж байна гэсэн үг. Яг энэ асуудалд МХЕГ-ын боловсрол, соёлын газар хяналт тавьж ажиллах ёстой."
НМХГ: Бид мэдэхгүй...
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар:
"Манайд энэ талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Бид мэдэхгүй. Улсын МХЕГ-аас тодруулаарай" гэв.
МХЕГ: Хүүхдүүдээс мөнгө хураасантай холбоотой асуудлыг бол ШӨХТГ зохицуулна
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар:
Түүний хэлснээр МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэнгээс энэ талаар тодруулахад тэрээр "Хүүхдүүдээс мөнгө хураасантай холбоотой асуудлыг бол ШӨХТГ зохицуулна. Манайх боловсролын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг. Хэрэв манайд гомдол гаргавал тэр дагуу бид хяналт, шалгалт хийж болно." гэлээ.
Үүний дараа бид олимпиад зохион байгуулсан “Номч” бүрэн дунд сургуулийн захирал Ш.Энхжаргалтай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.
Ш.Энхжаргал: Манай олимпиадын давуу тал нь нийт оролцогчдынхоо 40 хувьд нь өргөмжлөл, медаль, диплом олгодог
-Танай сургуулийн зохион байгуулсан “Стандарт” олимпиадын талаар ихээхэн гомдол, санал гарч байна. Олимпиад зохион байгуулах анги танхимын хүрэлцээ муу, хэтэрхий олон хүүхдийг нэг өдөр оролцуулахаар улайрсан нь зохион байгуулалтад сөргөөр нөлөөлсөн зэрэг гомдлууд байна?
-Манай сургууль ЕБС-ийн 1-12 дугаар ангийн сурагчдын дунд Математикийн стандарт олимпиадыг өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан. Олимпиадын бүртгэлийг 20-ны өдөр хаасан боловч тухайн өдөр маш олон эцэг эхчүүд хүүхдээ бүртгүүлэхээр ирсэн, мөн хөдөө орон нутгаас оролцогчид 21-ний өглөө буюу хагассайн өдөр шууд ирсэн учраас хүүхдийн тоо эрс нэмэгдэж, ачааллаа дийлэхгүй замбараагүй байдал үүссэн.
-Замбараагүй байдал үүсэх болсон гол шалтгаан нь юу байв. Хэчнээн ангид олимпиад зохион байгуулахаар төлөвлөсөн байсан бэ?
-Хоёрдугаар ангийн сурагчдын олимпиад дээр асуудал гарсан. Бусад ангиудын олимпиад хуваарийн дагуу, ямар нэг асуудалгүй зохион байгуулагдсан. Хоёрдугаар ангийн хүүхдүүд маань багтахгүй бид 51 дүгээр сургуулийн менежертэй анги танхимын асуудал дээр тохирсон байсны дагуу оруулсан. Гэтэл 15 ангид орох байсан ч 18 ангид орсон. Зарим багш нарын хариуцлагагүй байдлаас болоод материал ирээгүй гээд хүүхдүүдийг хоёр цаг ангид нь зүгээр суулгасан байсан. Үүнтэй холбоотойгоор эцэг эхчүүд бухимдаж сургууль руу дайрч орох асуудал гарсны улмаас 51 дүгээр сургууль хаалгаа барьсан юм. Ингээд анги танхим хүрэлцэхгүй байсан учраас зарим ангиудын олимпиад эхлэх болон дуусах хугацаанд өөрчлөлт гарсан байгаа. Мөн 51 дүгээр сургуулийн багш шалгалтын материалын зургийг дарж, нууцлалыг задруулсан байсан. Энэ асуудалд материал хариуцаж байсан сургуулийнхаа багшид хариуцлага тооцно. Үүнээс гадна 51 дүгээр сургуулийн захиралтай ярилцаж, тухайн багшид хариуцлага тооцуулахаар төлөвлөөд байгаа. Сургуулийн фэйсбүүк хуудсаар эцэг эхчүүдээс албан ёсоор уучлалт гуйна.
-Зарим хүүхдүүд олимпиаддаа орж чадаагүй, төөрсөөр байгаад гарч ирсэн гэсэн. Нийт хэдэн хүүхэд бүртгүүлсэн бэ?
-Ойролцоогоор 100 гаруй сургуулийн таван мянга гаруй хүүхэд бүртгүүлсэн. Зохион байгуулалтын алдаанаас болоод зарим хүүхдүүд олимпиаддаа орж чадаагүй асуудал гарсан. Гэхдээ бид эцэг, эхчүүдийн хүсэлтээр тухайн өдөртөө 100 гаруй эцэг эхчүүдэд мандатны мөнгийг тухайн өдөр нь буцаан олгосон. Одоо ч оролцож чадаагүй гээд гомдол гаргаад ирж байгаа эцэг эхчүүдэд мөнгийг нь буцаан олгож байна.
- Олимпиадад оролцсон хүүхэд бүрээс мандатны хураамж хэмээн 5000 төгрөг авсан юм билээ. Гэвч тухайн өдрийн үйл ажиллагаа эмх замбараагүй болсонтой холбогдуулан эцэг эхчүүд ихэд бухимдан "Олимпиад нэрийн дор бизнес хийж байна" хэмээн шүүмжилж байна. Олимпиадад 6000 гаруй хүүхэд оролцсон гэхээр нийтдээ 30 гаруй сая төгрөг цугласан гэсэн үг. Тэгэхээр энэ мөнгө юунд зарцуулагдаж байна вэ?
- Эцэг эхчүүдийн зүгээс маш их бухимдалтай хандаж байгаа. Олимпиад зохион байгуулна гэдэг чинь гадны сургуулиудаас багш авчрах, медал, өргөмжлөл, диплом, бусад бичиг хэргийн зардал, мөн тэр олон хүүхдийн материалыг нэг шөнийн дотор зассан багш нарын ажлын хөлс, хоол унд зэрэг маш олон зүйлийг дотроо багтаадаг. Бид олимпиадад оролцсон сурагчдын материалыг засахад 50 багш, түүнийг шивж цахим хэлбэрт оруулах мэдээлэл зүйн 15 багш, нэмэлтээр манай сургуулийн 10 гээд нийтдээ 75 багштай ажиллассан. Мөн бид нэмэлтээр медалийнхаа захиалгыг дахин өгөөд байгаа. Цаашдаа энэ ажлынхаа хүрээнд "СТАНДАРТ 1х1" математик, монгол хэлний шалгалтын сэдвүүд номоо хэвлэж, тараах ажлыг зохион байгуулна. Түүнчлэн нийгэмд чиглэсэн сурагчдын хөгжилд зориулсан арга хэмжээнүүдийг зохион байгуулах болно.
-Удирдамж дээр 70-100 хувийн болзол хангасан сурагчдыг шагнаж урамшуулдаг гэсэн байсан. Олимпиадад оролцсон сурагчдаа хэрхэн урамшуулдаг вэ?
-Манай олимпиадын бас нэг давуу тал нь оролцогчдынхоо 40 хувийг шагнаж урамшуулдаг. Бид нийт оролцсон хүүхдүүдээ А, В, С гэсэн ангиллаар байр эзлүүлж өргөмжлөл, медал, диплом өгдөг. Энэ жил 800 медаль, өргөмжлөл, дипломыг өгөхөөр бэлдсэн байсан боловч хүүхдийн тоо нэмэгдсэн учраас нэмж 700 медалийг Хятад руу захиалж байна. Энэ сарын 27-ноос эхлэн сургуулиуд руу шагналыг явуулахаар төлөвлөж байна.
-Хоёрдугаар ангийн хоёр ангийн олимпиад цуцлагдсан гэсэн. Эдгээр хүмүүсийн гомдлыг хэрхэн барагдуулж байгаа вэ?
- Тухайн өдөр дээр дурьдсан асуудлаас болж хоёр ангийн хүүхдүүдийн олимпиад цуцлагдсан. Зарим эцэг эхчүүдэд мандатны мөнгийг нь буцааж өгсөн. Одоо ч ирсэн эцэг эхчүүдэд мөнгийг нь буцаан олгож байна.
Уншигч та анзаарсан бол БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар зэрэг эрх бүхий байгууллагууд хувийн сургуулиас зохион байгуулж буй олимпиадад хяналт тавьдаггүй, нүдэн балай, чих нь дүлий сууж байна. Угтаа бол олимпиадад анги, сургууль, дүүргээсээ шалгарсан сурлага сайтай, цөөн тооны хүүхэд өрсөлддөг байсан билээ. Гэвч одоо хэн дуртай нь олимпиад нэрийн дор сурагчдаас мөнгө татаж, үнэ цэнийг нь ийн алдагдуулсаар байгаад хяналт тавих хэрэгтэйг энд онцлох нь зөв биз ээ.