Хуримтлалын ач холбогдлыг хүүхдүүдэд танилцууллаа

Монголбанкнаас “Санхүүгийн боловсрол” гурван сарын хугацаат аяныг улс орон даяар эхлүүлээд буй. Энэхүү аяны хүрээнд Монголбанк, ХБНГУ-ын “Хадгаламжийн Банкны Олон Улсын Хамтын Ажиллагааны Сан”, Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпораци хамтран Дэлхийн хуримтлалын өдрийг үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг болгохыг зорьж байна.

Дээрх байгууллагууд “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг угтаж, хуримтлалын ач холбогдол болон Монгол улсын үндэсний хуримтлалын бэлгэ тэмдгийг сурагчдад таниулах сургалтыг өнөөдөр /2017.10.23/ эхлүүллээ. Сургалтанд нийслэлийн Баянзүрх дүүргийн 120 дугаар сургуулийн 5-р ангийн сурагчид хамрагдсан бөгөөд энэ үеэр хүүхдүүдэд хуримтлал үүсгэхийн давуу талыг тайлбарлан, “Хуримтлалын авдар”, “Халаасны мөнгөө зарцуулах төлөвлөгөө”-ний дэвтэр, санхүүгийн боловсрол олгох зурагт номыг тус тус дурсгав.

Жил бүрийн 10-р сарын 31-нд олон улсын хэмжээнд тэмдэглэдэг “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн онцлог нь хүүхдүүдийг бага наснаас нь хуримтлал үүсгэх дадалтай болгох, түүний ач холбогдлыг ойлгуулахад оршиж байна.

Энэ өдрүүдэд Монголбанк, ХБНГУ-ын “Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан”, Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпорацитай хамтран “Дэлхийн хуримтлалын өдөр”, “Хуримтлалын сар”-ын хугацаанд Ерөнхий боловсролын 16 сургуулийн 500 гаруй сурагчдад хуримтлалын талаар танин мэдэхүйн сургалтыг зохион байгуулах юм.