Японы Токио хотноо Комазава олимпийн паркад Азийн хөгжөөн дэмжигчдийн аварга шалгаруулах тэмцээн болон Японы нээлттэй тэмцээнүүд энэ сарын 20-21-ний өдрүүдэд боллоо. Азийн найман орны 40 гаруй баг оролцож буй тус тэмцээнд Монгол Улс анх удаа 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож, Hip Hop төрөлд алтан медаль, free style pom төрөлд мөнгөн медаль хүртлээ.
Хөгжөөн дэмжигчдийн бүжгийн спортыг Монголд хөгжүүлэх зорилгоор 2010 онд анх байгуулагдсан ГАЛТ ШУВУУ бүжгийн хамтлаг өнгөрсөн долоон жилийн хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, бүжгийн сургалт, Монголын Хөгжөөн дэмжигчдийн бүжгийн холбоо зэргийг дэргэдээ байгуулан ажилласан ба Дэлхийн хөгжөөн дэмжигчдийн холбооны 100 дахь гишүүнээр элсэн оржээ. Энэ удаагийн Азийн Аварга Шалгаруулах тэмцээн тэдний хувьд анхны олон улсын тэмцээн нь ба МИАТ, НОМИН ФЭЙШН, МОНРЕ ДААТГАЛ зэрэг компаниуд өсвөрийн тамирчдыг дэмжин, ивээн тэтгэгчээр ажиллажээ.