УОК-оос нийтийн тээврийн хэрэгслийг 07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд хатуу цагийн хуваарьт шилжих шийдвэрийг өчигдөр гаргасан. Улаанбаатарын замын хөдөлгөөний нягтрал 30 мянга орчим машинаар нэмэгдсэн тул уг шийдвэрийг гаргасан гэдгээ Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэлж байв.
Харин өнөөдөр замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар байгаа талаар албаны хүнээс тодрууллаа.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Зоригоо “Хөл хөдөлгөөн өнөөдрөөс харьцангуй хумигдаж байна. Өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагуудаас бусад тохиолдолд нийт хөл хөдөлгөөнийг хязгаарласан.
Өнөөдрөөс хэрэгжиж байгаа энэ зохицуулалт явган зорчигчдод бас хамаатай. Онцгой тохиолдлын галын машин, эмнэлэг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гээд зайлшгүй зорчих ёстой иргэдийг хөдөлгөөнд оролцуулж байна. Шаардлагагүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг иргэддээ уриалж байна” гэлээ.
Албаны машинууд ч ялгаагүй тэг зогсолт хийнэ
Харин албаны логотой машинууд замын хөдөлгөөнд оролцож болох эсэх талаар Нийслэлийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад “Өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагуудаас бусад тохиолдолд албаны машинууд ч ялгаагүй тэг зогсолт хийх юм” гэв.