Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөхийг хүсчээ

УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх Ч.Наранзаяагийн эгч Ч.Саранзаяа Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хандаж хүсэлт гаргасан байна. Тэрбээр хүсэлтдээ, "УИХ-ын гишүүн Д.Гантулгын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг УИХ-аар оруулж, хуулийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллахыг хүсч байна” гэдгийг тодотгожээ.

Уг хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна:
 

ХУУЛЬ ЗҮЙН САЙД ЦЭНДИЙН НЯМДОРЖ ТАНАА

2017.10.20 Улаанбаатар хот


“Хүсэлт гаргах тухай”


Монгол Улсын Үндсэн Хуулийн Тунхаг хэсэг нь“Монголын ард түмэн бид ...-Хүний эрх, эрх чөлөө, шудрага ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж ...эх орондоо, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. 
Монгол Улсын Үндсэн Хуулийн нэгдүгээр бүлэг, нэгдүгээр зүйлийн хоёрт дахь хэсэгт “Ардчилсан ёс, шудрага ёс,эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажилгааны үндсэн зарчим мөн”.

Монгол Улсын Үндсэн Хуулийн хуулийн нэгдүгээр бүлэг, гуравдугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасныг тус тус үндэслэн дараах хүсэлтийг хүргүүлж байна.

Миний төрсөн дүү 2017 оны 6 дугаар сарын 12-ний өглөө өөрийн гэртээ унтаж байгаад гэрт нь хэзээ, хэрхэн орж ирсэн хэний хэн болохыг нь мэдэхгүй,урьд өмнө нь үг сольж ярилцах нь байтугай зүс царайг нь харж байгаагүй эрэгтэйд хүчирхийлүүлэн бие болон сэтгэл санааны хүнд хохирол амсаж явна. Ганц үүгээр зогсохгүй олон түмний дунд сошиал орчинд маш их гүтгүүлж доромжлуулж, ахин дахин хохирсоор байтал хэрэг хийсэн хүн нь юу ч болоогүй мэт явсаар байна.

Иргэний Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхэд хүч түрэмгийлэн халдаж, хэрцгий авиралсан тухайн этгээдийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хандахдаа тэрхүү этгээд нь Төрийн эрх барих дээд байгууллагад ажил алба эрхэлдэг УИХ-ын гишүүн Д.Гантулга болохыг мэдсэн.

2017 оны 06 дугаар сарын 12-ний өдөр болсон энэ асуудлыг тухайн өдөр нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гарган шалгуулж, мөн өдрөө Шүүх шинжилгээний төвийн Шүүх эмнэлэгт үзүүлэн шинжилгээ өгч шинжилгээний хариу гарсан бөгөөд хүчирхийлэлд өртсөн болох нь шинжилгээний хариугаар батлагдсан ч 2017 оны 07 дугаар сарын 20 ний орчим дүгнэлтийг өөрчилж, нотлох баримтуудыг устган өөр дүгнэлт гаргасан.

Цагдаагийн байгууллага Шүүх шинжилгээний төвийн хууль зөрчин өөрчилөн гаргасан дүгнэлтийг үндэслэн тухайн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Прокурорт оруулан прокурор уг саналыг хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол үйлдсэн. Иймээс хэрэг үүсэлгүй удсан гол шалтгаан нь шүүх эмнэлэгийн хариу тул, шүүх эмнэлэг болон Гантулга гишүүнийг мөн шалгуулахаар АТГ-т өргөдөл гаргасан боловч, хуулийн шалгах хугацаа 5 хоног гэдэг үндэслэлээр шаардлагатай бүх хүнийг байцаагаагүй, Гантулга гишүүнээс мэдүүлэг авалгүйгээр авилгал өгсөн авсан нь тогтоогдсонгүй гэдэг хариуг бидэнд утсаар өгсөн.

Авлига гэж юу вэ?

- Энэ хуулийн 4.1д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл,эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг хэлнэ... гэж байгаа.Мөн Монгол төрийн байгууллага Монгол Улсын Үндсэн Хуулийн нэгдүгээр бүлэг, нэгдүгээр зүйлийн хоёрт дахь хэсэгт “Ардчилсан ёс, шудрага ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажилгааны үндсэн зарчим мөн” гэсэн үндсэн хуулийн заалтыг төрийн алба хаагчид нь уландаа гишгиж өндөр албан тушаалтны эрх ашигт нийцүүлэн энгийн иргэний хуулиар хамгаалагдсан эрхэнд халдаж, хууль ёсны эрхийг нь үгүйсгэж байгаад гомдолтой бас харамсалтай байна.

Гэвч би Монгол Улсын төрд ажил алба хашиж байгаа олон мянган төрийн алба хаагчдыг бүгд эрх мэдэлд үйлчилж иргэний эрхийг уландаа гишгэдэг гэж бодохгүй байна.

Гурван шатны прокуророор дамжсаны эцэст 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улсын Ерөнхий Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр хэрэг үүссэн. Нотлох баримтууд болон гэрчүүдээс мэдүүлэг авах зэрэг ажиллагаа хийгдэж байгаа боловч гол шалгагдах ёстой Д.Гантулга гишүүн нь бүрэн эрхийнхээ ард халхавчлагдаж хэргийг удаашруулж байна. БИ ХУУЛЬ ХҮН БҮРТ ТЭГШ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ гэж ойлгодог. Өнөөдрийг хүртэл олон нийт, сошиал миний тэмцлийн нэг хэлбэр байсаар ирсэн тул таньд сошиал олон нийтээр дамжуулан хүсэлт хүргэж байна. Өнөөдрийн нэг иргэний эрх ашиг цаашдын нийт иргэний эрх ашиг юм.

Монгол Улсын Хууль Зүйн Сайд Ц.Нямдорж таныг зарчимч, шударга хүн гэж ойлгодог. Монгол Улсын Үндсэн хууль дагалдах бусад хуулиар хамгаалагдсан Монгол Улсын иргэнийхээ хууль ёсны эрхийг шударга бус төрийн албан хаагчдын хууль бус үйлдлүүдээс хамгаалж, иргэнийхээ зөрчигдөж буй эрхийг хамгаалах, энэ төрлийн хэргийн хохирогчид болон ард дэмжиж, чих тавин хүлээж буй мянга мянган ээжүүд, охид эмэгтэйчүүдийн ирээдүйдээ итгэх итгэлийг сэргээх шудрага ёсны төлөө тэмцэлд нэгдэн УИХ-ын гишүүн Гантулгын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг УИХ-аар оруулж, хуулийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллахыг хүсч байна.

Хүндэтгэсэн: Ч.Саранзаяа