Засгийн газрын гишүүд тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо

Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 10 дугаар сарын 18, 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томиллоо. Сайд нар өнөөдөр тамгаа  хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо.

Монгол Улсын Шадар сайд Ө.ЭНХТҮВШИН;

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс  ажлаа хүлээн авлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шадар сайдын албыг Монгол төрийн туршлагатай түшээд хүлээлгэн өгч байна, Ерөнхий сайдын орлогчийн ажлыг нэр төртөй, хариуцлагатай сайн авч явж чадна гэдэгт эргэлзэхгүй байна гээд  ажлын амжилт хүслээ.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Ерөнхий сайд бид хоёр 24 жилийн өмнө танилцснаас  хойш баг болон ажиллаж байна. Ард түмэнд амласан амлалт бий. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө бүрэн дүүрэн хэрэгжүүлнэ. Сонгогчдынхоо итгэлийг дааж, өгсөн үүрэг даалгаврыг захирах, захирагдах ёсны дагуу хариуцлагатай гүйцэтгэх болно гэлээ. Ажил хүлээлцэхэд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагууд байлцлаа

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР;

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ажлаа хүлээн авлаа. Ажлаа өгч байгаа Ж.Мөнхбат шинэ сайдад Монгол Улсын Засгийн газрын ачааны хүнд, ар талыг үүрч явдаг ЗГХЭГ-ын даргаар томилогдсонд баяр хүргэе гээд ажлын амжилт хүслээ.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариу талархал илэрхийлээд, өнгөрсөн хугацаанд танхимын зарчмаар ажиллаж, хүнд хүчир албыг нэр төртөй, амжилттай хашиж ирсэн танд баярлалаа. Ажлын амжилт ерөөе гэв. Тамга хүлээлцэхэд ЗГХЭГ-ын газар, хэлтсийн дарга нар байлцлаа. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ;

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Ц.Нямдорж УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Бямбацогтоос  тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо. Тамга хүлээлцэх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Бямбацогт хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яам олон ажлыг хийж, хэрэгжүүлсэн. Туршлагатай, чадвартай сайд ирж байгаа учраас энэ эрчийг алдахгүй яамныхантайгаа гар сэтгэл нийлж ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн хугацаанд салбарт хийж гүйцэтгэсэн ажлыг өндрөөр үнэлж, цаашдын ажилд нь амжилт хүсч, УИХ-ын түвшинд С.Бямбацогт гишүүнтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. 

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх “С.Бямбацогт өмнөх Засгийн газарт эрч хүчтэй, сайн ажилласан” гэлээ 

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.БАТ-ЭРДЭНЭ;

Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон Ж.Бат-Эрдэнэ сайд асан Д.Ганбатаас үүрэгт ажлаа хүлээн авлаа. Ажил хүлээлцэхэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Даажамба, Хууль, эрх зүйн газрын дарга П.Ариунболд нар байлцаж, тамгаа хүлээн авсан сайдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. 

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар шинэ сайд болон яамны хамт олонд хандан Монгол Улсын Ерөнхий сайд танхимын гишүүддээ сахилга хариуцлагатай, дэг журмыг тогтоон зөвхөн хуулийг мөрдөж, өндөр ёс суртахуунтай ажиллахыг үүрэг болгосныг уламжлаад ЗГХЭГ-ын даргын хувиар энэ зарчмыг хатуу шаардаж ажиллана гэдгээ анхаарууллаа.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн;

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн сайд асан П.Ганхүүгээс тамгаа хүлээн авлаа. П.Ганхүү Дулаанхан уулын өврөөс гурав дахь сайд Монгол Улсын гал голомтыг сахихаар томилогдож байна, энэ хүндтэй үүргийг нэр төртөй биелүүлэхийг ерөөгөөд ажлын амжилт хүслээ. 

Эрчим хүчний сайд  Ц.Даваасүрэн хэлэхдээ 28 жилийн дараа хөдөлмөрийн гараагаа эхэлсэн газраа ирж байна. Дуудлага байх, хувь заяа байх. Мэргэжлийн байхын төлөө хариуцлагатай ажиллана. Өмнөх Засгийн газрын гишүүдээс хамгийн сайн ажиллассан сайдаар П.Ганхүү сайд, яамны хамт олон нэрлэгдэж байсан. Тиймээс Монгол Улсын гал голомтыг сахиж байгаа баг хамт олныхоо мэргэжлийн ур чадварт итгэж байна. Ард түмнийхээ хүлээлгэсэн итгэлийг дааж ажиллана гэдгээ илэрхийллээ.  Тамга хүлээлцэхэд ЗГХЭГ-ын газар, хэлтсийн дарга нар байлцлаа

Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛ;

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэгээс  тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо. Сайд асан А.Цогцэцэг Д.Сарангэрэл сайд энэ салбарт шинэ хүн биш. УИХ-ын гишүүнээр 2 удаа сонгогдон ажиллах явцдаа Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр идэвхитэй ажилласаар ирсэн. Цаашид энэ салбарын хөгжил дэвшил, сайн сайхны төлөө ажиллаж чадах хүн гэдгийг тодотгоод ажлын амжилт хүслээ. 

 Тамга хүлээлцэхэд МУ-ын сайд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар болон ЗГХЭГ-ын газаар,хэлтсийн дарга нарын төлөөлөл байлцлаа.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ;

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тамгаа гардаж авлаа. Сайд асан Н.Номтойбаяр өнгөрсөн хугацаанд хийсэн, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудынхаа тайланг хүлээлгэн өгөөд нийгмийн хамгааллын салбарыг сайн мэдэх хүнд  ажлаа өгч байгаадаа олзуурхаж байна гээд эхлүүлснээ амжилттай үргэлжлүүлэхэд УИХ-ын гишүүний хувьд тусалж дэмжинэ гэдгээ илэрхийллээ.  

Шинэ сайд С.Чинзориг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдон, та бүхэнтэй хамт сонгуулийн мөрийн хөтөлбөр болоод Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ирж байгаадаа баяртай байна.Өмнө нь би энэ яаманд дэд сайдаар найман жил, сайдаар хагас жил  ажилласан. Та бүхэнтэй хамтраад салбарынхаа асуудлыг цаашид хурдан шуурхай шийдвэрлэж, ажиллаж чадна гэж үзэж байна. Н.Номтойбаяр сайдын хувьд шинэ залуу хүн хоёр яамыг нэгтгэж, үндсэн чиглэлийн яам болгож богино хугацаанд багагүй ажил хийсэн. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барихад бэлэн болгосон, Ахмадын насны хишиг гээд олон шинэ ажлыг хэрэгжүүлсэн. Цаашдаа ч бидний ажлыг мэдэх хүний хувьд дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гээд амжилт хүсч, сайн сайхныг хүсэн ерөөлөө.

Ажил хүлээлцэхэд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин байлцаж тэдэнд ажлын амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ