Ц.Мөнхцэцэг: Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрх эдэлж чадахгүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг томилж, чөлөөлөх асуудлыг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнээр шинээр томилогдож буй гишүүдэд хандан үг хэллээ. Тэрбээр Монгол Улс эвлэлдэн нэгдэх, улс төрийн эрх зэрэг ардчиллын гол үзүүлэлтүүдээрээ харьцангуй амжилттай яваа боловч хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрх эдлэх боломж хангагдахгүй байгааг онцлоод, шүүхийн шинэчлэлтэй холбогдуулан энэ салбарт хүний эрхийг хангах, шударга шүүхээр шүүлгэх, гэрч, хохирогчийг хамгаалах, эрүүдэн шүүхээс ангид байх зэрэг хүний эрхийн суурь зарчмуудыг хангаж ажиллахыг санууллаа.

Мөн тэрбээр Монгол Улсад хүний эрхийн баталгаа, хүний эрхийн хамгаалалтын асуудлууд цаасан дээр хангалттай байгаа ч бодит амьдрал дээр хэрэгжихгүй, хүний эрх зөрчигдөх явдал хот, хөдөөгүй, нийгмийн амьдралын бүх салбарт байгааг санууллаа. Ялангуяа барилгын салбарын түр болон цагийн ажилтнууд, хөдөө туслах малчнаар ажиллаж буй иргэдийн эрх зөрчигдөж хөдөлмөрийн хөлсөө шударга үнэлүүлж чадахгүй, цаашлаад хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгт өртдөг талаар олон судалгаа байгааг ч анхааруулсан юм.

Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ""Freedom House" байгууллагын 2020 оны илтгэлд Монгол Улс улс төрийн эрх, эвлэлдэн нэгдэх эрх зэргээр дөрвөн онооноос дөрөв буюу хангалттай сайн үзүүлэлттэй байна. Гагцхүү хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байна уу, тэгш боломжоо эдэлж чадаж байна уу, эдийн засгийн мөлжлөгөөс ангид байна уу? гэдэг үзүүлэлтээр хамгийн доогуур буюу дөрвөн онооноос хоёрыг л авсан байна. Боолчлол, бэлгийн мөлжлөгийн золиос болох эрсдэлтэй хүмүүс эмэгтэйчүүд, хүүхэд, эмзэг бүлгийн иргэдийн дунд байгааг энэ судалгаанд онцлон бичсэн байна. Түр болон цагийн ажил эрхлэгчид, ялангуяа барилгын салбарт хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй ажилладаг иргэд цалин хөлсөө авч чадахгүй хохирох явдал түгээмэл байна. Хөдөө орон нутагт мал олонтой айлд туслах малчнаар ажиллаж буй хүмүүсийн эрх ихээхэн зөрчигдөж байгаад анхаарлаа хандуулах нь бас чухал" гэдгийг цахим хуудастаа бичжээ.

Чуулганы хуралдаанд хэлсэн үгийг хүргэж байна.