АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгууль цар тахлын хүндрэлтэй нөхцөлд, асар олон саад бэрхшээл дундуур бүтэн жилийн хугацаанд үргэлжлэн гурав хоногийн дараа буюу 11 сарын 3-нд явагдах гэж байна.
Сүүлчийн халз мэтгэлцээн юу болов?
2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болоход 11 хоног үлдсэн хугацаанд буюу 10 сарын 23-нд ерөнхийлөгч Дональд Трамп болон дэд ерөнхийлөгч асан Жо Байден нарын хоёр дахь буюу сүүлчийн мэтгэлцээн боллоо. Уг нь сонгуулийн уламжлал ёсоор нэр дэвшигчид гурван удаа халз мэтгэлцээн хийдэг ч Трамп Ковид-19 халдвар авч хөл хорионд орсны улмаас нэг мэтгэлцээн нь цуцлагдсан юм.
Хоёр нэр дэвшигчийн эхний мэтгэлцээн дээр ерөнхийлөгч Трамп Байдены үгийг удаа дараа тасалж “бүдүүлэг зан” гаргасан учраас энэ удаа сэдэв бүрийн эхний хоёр минутад хэн нэг нь үг хэлж байх үед нөгөөгийнх нь микрофоныг хаах журам цоо шинээр оруулсан билээ. Мөн энэ удаагийн сонгуулийн нэг онцлог нь ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнүүдэд хамгийн чухал байр суурь эзэлдэг АНУ-ын гадаад бодлогын асуудал эхний болон сүүлийн энэ мэтгэлцээний аль алинд орж ирээгүй явдал юм.
Энэ мэтгэлцээн Ковид-19, уур амьсгалын өөрчлөлт, үндэсний аюулгүй байдал, Америк дахь арьс өнгөний асуудал, Америк гэр бүл, удирдлага манлайлал гэсэн зургаан сэдвээр өрнөсөн. Халз мэтгэлцээний дараа хийсэн олон нийтийн санал асуулгуудын дүнгээс харахад Байден илүүрхсэн байна. Тухайлбал, Politico/Morning Consult төвийн судалгаагаар мэтгэлцээн үзэгчдийн 54 хувь нь Байденыг илүү гэсэн бол 39 хувь нь Трампыг, 8 хувь нь аль нэг нь илүү байсан гэхэд хэцүү гэжээ. Мөн CNN-ийн явуулсан судалгаагаар 60 хувь нь Байденыг мэтгэлцээнд ялсан гэж хариулсан байна.
САНАЛ АСУУЛГУУДЫН ДҮНГЭЭР ХЭН ТЭРГҮҮЛЖ БАЙГАА ВЭ?
Жо Байден 2020 оны турш бүх л санал асуулгын дүнгээр тэргүүлж байна. Сонгууль болохоос 3 хоногийн өмнөх байдлаар буюу 10 сарын 29-нд Байден 52 хувь, Трамп 43 хувийн рейтингтэй байна.
Байден ийнхүү олон нийтийн санал асуулгуудаар тэргүүлж байгаа ч энэ нь сонгуульд ялна гэсэн баталгаа биш юм. 2016 онд Хиллари Клинтон санал асуулгаар ямагт тэргүүлж байсан ч сонгогчдын коллегийн саналаар Трампт ялагдсан билээ. Тэр үед санал асуулгаар Хиллари 45.5 хувь, Трамп 42.2 хувь буюу 3.3 хувийн зөрүүтэй явж байсан. Харин сонгуулийн санал хураалтаар Хиллари Клинтон сонгогчдын 48.2 хувь, Дональд Трамп түүнээс 2.1 хувиар бага буюу 46.1 хувийн санал авсан нь санал асуулгуудын дүнтэй тун ойр гарсан билээ.
Тухайн үед Америкийн болон бусад улсын судлаачид Хиллари Клинтон ба Дональд Трамп нарын рейтингийг судлахдаа хөвөгч мужууд дахь сонгогчдын санал өгөлтийг дутуу тооцоолсон гэсэн дүгнэлт хийж байсан. Өөрөөр хэлбэл Хиллариг ялна гэж таамагласан мужуудад Трамп олонхийн санал авснаар сонгуулийн үр дүнг өөрчилсөн билээ. Хиллари Флорида, Аризона, Умард Каролина, Невада, Висконсин, Пенсильвани зэрэг мужид ялалт байгуулна гэсэн судлаачид тооцоолж байсан ч Трамп ялсан.
Тийм учраас 2020 оны сонгуульд хөвөгч мужуудад хоёр нэр дэвшигч ч тэр, судлаачид ч тэр онцгой анхаарлаа хандуулж байна.
Хөвөгч мужуудад нөхцөл байдал ямар байна?
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн бусад улсаас ялгарах гол онцлог бол нэр дэвшигчдийн ялалт байгуулах боломжтой муж улсууд урьдаас тодорхой байдаг явдал юм. Тухайлбал Техас, Индиана, Миссиппи, Алабама, Өмнөд Каролина зэрэг Өмнөдийнхөн давамгайлсан хөдөө аж ахуйн хэмээх 20 мужид БНН-ынхан ямагт ялалт байгуулж ирсэн бөгөөд эдгээрийг “улаан мужууд” гэж нэрлэдэг бол Калифорни, Нью Йорк, Иллинойс, Массачусетс, Минесота, Вермонт зэрэг том хотууд ихтэй, аж үйлдвэр өндөр хөгжсөн 14 мужид АН-ын нэр дэвшигчид ялалт байгуулсаар ирсэн тул “хөх муж” гэж нэрлэдэг байна.
Харин ерөнхийлөгчийн сонгуулиудад зарим жил БНН-д, зарим жилд АН-д саналаа өгч ирсэн, аль нэг намыг тогтвортой дэмждэггүй хөвөгч сонгогч ихтэй бусад 16 мужийг “хөвөгч мужууд” хэмээн нэрлэдэг бөгөөд чухамхүү эдгээр мужид хоёр намын нэр дэвшигчийн аль олонх санал авсан нь ерөнхийлөгчөөр сонгогдож ирсэн байдаг. Тийм учраас ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн кампанийн гол сурталчилгаа, тэмцэл эдгээр мужийн сонгогчид руу чиглэдэг, энэ мужуудыг “тулалдааны талбар” гэж нэрлэдэг.
2020 оны сонгуулийн санал хураалтын өмнөх 3 хоногийн байдлаар хөвөгч мужуудад Байден илүүрхэж байгаа ч нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж магадгүй гэдгийг ажиглагчид сануулж байгаа юм. Нэр дэвшигч Байден Мичиган, Пенсильвани, Висконсин хэмээх аж үйлдвэрийн гол гурван мужид тэргүүлж байна.
Эдгээр хөвөгч мужид 2016 онд Трамп үнэмлэхүй ялалт байгуулж Хиллариг ялж байсан бол энэ удаа нөхцөл байдал тун амаргүй байна. Ялангуяа Охойя, Техас мужид Трамп 8-10 хувиар Хилларигаас илүү санал авч байсан билээ. Тийм учраас FiveThirtyEight судалгааны газар болон Economist сэтгүүлийн экспертүүд Трампын ялах магадлал бага байна гэж дүгнээд байгаа юм.
Харин бусад ажиглагчид Байден сонгогчдын санал илүү авсан ч мужуудад ногдох сонгогчдын коллегийн саналаар ялагдах магадлал байсаар байна гэжээ. Учир юу гэвэл сонгогчдын коллегийн тоо олонтой, хөвөгч мужууд болох Флорида, Пенсильвани, Мичиган, Хойд Каролина, Аризона, Висконсин хэмээх зургаан мужид хоёр нэр дэвшигчийн рейтинг тун ойр байгаа юм. Чухамхүү энэ зургаан мужид хэн нь ялалт байгуулснаас сонгуулийн үр дүн хамаарах болчихоод байна.
Эдгээр мужуудын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд өөр тул Трамп, Байден хоёрын сонгуулийн баг тухайн мужуудад ялгаатай тактик хэрэглэж байгаа тухай VOA news агентлаг мэдээлжээ.
Тухайлбал, аж үйлдвэрийн муж болох Мичиган цар тахлын улмаас эдийн засгийн хямралд нэрвэгдэж, бизнес эрхлэгчид олон ажлын байраа алдсан нь хамгийн хүнд асуудал болж байгаа юм. Трамп тус мужийн эдийн засгийн уналтад амбан захирагч Гретчин Витмерийг буруутгах хэрэгтэй гэж уриалж байгаа юм.
Харин Пенсильвани мужид Байден давуу талтай байгаа. Пенсильвани мужийн Скрантон хотод ажилчин ангийн гэр бүлд төрсөн гэдгээ Байден онцолж коллежийн боловсролгүй ажилчин ангийнхныг татахыг оролдож байгаа юм.
Мөн Флорида мужид Байден давуу тал олж авах магадлал бий. Юу гэвэл Америкийн настайчууд хамгийн олонтой Флорида мужид Трампын засаг захиргааны коронавирусын эсрэг арга хэмжээ муу байгаагаас олон ахмадууд амь насаа алдсан гэсэн мессежийг Байдены багаас тарааж байгаа.
Харин Умард Каролина бол БНН-ын суурьтай муж, сүүлийн 10 удаагийн сонгуулийн нэгээс бусдад нь БНН-чууд ялж ирсэн билээ. 2008 онд л Барак Обама тус мужид ялалт байгуулсан. Гэвч сүүлийн жилүүдэд тус муж руу цагаачдын шилжилт хөдөлгөөн их байгаагаас сонгогчдын уламжлалт бүтэц ихээхэн өөрчлөгдөж АН-д ашигтай байдал үүсч магадгүй гэж ажиглагчид үзээд байгаа.
1952 оноос хойш тасралтгүй БНН ялж ирсэн, ганцхан удаа 1996 онд Билл Клинтон ялсан Аризонад ч нөхцөл байдал таамаглахад хүнд байна. Аризонад испани гаралт цагаачид маш хурдтай нэмэгдэж байгаа нь Трампт ашиггүй нөхцөл үүсгээд байгаа. Гэхдээ Аризонад тэтгэврийн настнууд хамгийн олон мужийн нэг учраас тэд нар саналаа хэнд өгөхөөс сонгуулийн үр дүн хамаарах юм.
2016 оны сонгуульд Трампыг дэмжигчдийн цөм болсон хөдөөгийн, ажилчин анги, цагаан арьстнууд давамгайлдаг Висконсин муж энэ жилийн хувьд цар тахалд хамгийн их нэрвэгдсэн мужуудын нэг болоод байна. Мөн Висконсин мужийн Кеноша хотод өнгөрсөн наймдугаар сард цагдаа нар хар арьст Жейкоб Блэйкийг буудсан нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлын эсрэг том хөдөлгөөн өрнүүлээд байгаа. Энэ явдалтай холбогдуулан Трамп, Байден нар тус мужид хийсэн уулзалтдаа хоёр өөр байр суурь илэрхийлсэн. Байден арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлын эсрэг тогтолцооны шинэчлэл хийнэ гэсэн бол Трамп хууль журмыг чангатгах нь зөв гэдгийг онцлолсон.
СОНГУУЛИЙН СОНИН ХАЧИН
2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн нэгэн сонирхолтой мэдээ бол 1984 оны Рейганы ялалтаас эхлэн АНУ ерөнхийлөгчийн бүх сонгуульд хэн ялахыг зөв таасан профессор Аллан Лихтман энэ удаа Трамп ялагдана гэсэн прогноз хийсэн явдал юм.
Дональд Трамп 1992 оны том Жорж Бушаас хойшхи анхны 2 дахь удаагаа сонгогдож чадаагүй ерөнхийлөгч болно гэв. 1980 оны сонгуулиар ерөнхийлөгч болсон Рональд Рейганаас хойшхи бараг бүх ерөнхийлөгч 2 удаа сонгогдсон байдаг бол том Жорж Буш л ганц удаа ерөнхийлөгчөөр ажилласан байдаг юм. Тэгвэл Трампыг том Буш шиг хоёр дахиа сонгогдож чадахгүй гэсэн таамаг хийгээд байгаан байна.
АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Иран, ОХУ-ын зүгээс цахим халдлага хийж байна гэж АНУ-ын Тагнуулын төв газар мэдэгдсэн нь энэ сонгуулийн бас нэг анхаарал татсан зүйл байлаа. Тийм учраас хоёр нэр дэвшигчийн сүүлчийн мэтгэлцээнд “Сонгууль дахь гадаад улсуудын халдлагыг яаж зогсоох вэ” гэсэн асуулт тавигдсан.
Тагнуулын төв газрын мэдээлснээр Орос, Хятад, Иран улсууд Америкийн дотоод улс төрийн байдлыг тогтворгүй болгох үүднээс сошиал сүлжээгээр хуурамч мэдээг тарааж байгаа аж. Мөн Rand корпорац судалгааны байгууллагын илтгэлд дурьдсанаар “Троллууд болон супер холбогч хэмээх өндөр хурдтай сүлжээ бүхий аккаунтуудаар хуурамч мэдээллийг асар хурдтай тарааж байна. Эдгээр хуурамч мэдээнүүд нь Америк нийгэмд хагарал бий болгох, Америкийн ардчилалд итгэх итгэлийг бууруулахад чиглэгдсэн” байгаа юм.
2016 оны ерөнхийлөгчийн сонгуулиар мөн адил Орос, Зүүн Европоос гаралтай хакерууд АНУ-ын сошиал сүлжээнд хуурамч мэдээлэл тарааж байгаа тухай баримтууд гарч байсан.
80 сая сонгогч шуудангаар саналаа өгнө
Цар тахлын халдварын улмаас санал хураалтын байранд биеэр очих сонгогчдын тоо энэ удаа ихэд буурч, саналаа урьдчилж шуудангаар өгөх хүмүүс их нэмэгдлээ. Колорадо, Хавай, Орегон, Юта, Вашингтон гэсэн таван мужийн сонгогчид бараг бүгд шуудангаар саналаа өгөөд байна. Мөн бусад мужуудад ч гэсэн саналаа шуудангаар өгсөн сонгогчид их олон байгаа юм. Одоогийн байдлаар 66.3 сая сонгогч саналаа шуудангаар өгсөн байгаа бөгөөд санал хураалтын өдрийг дуустал нийтдээ 80 сая сонгогч шуудангаар санал өгөх төлөвтэй байгаа аж.
АНУ-ын 33 муж болон Колумб дүүрэгт саналаа шуудангаар өгөхийг зөвшөөрсөн байдаг бол бусад мужид онцгой тохиолдолд саналаа шуудангаар явуулахыг зөвшөөрдөг. 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд 33 сая хүн шуудангаар санал өгсөн.
Ийм олон хүн шуудангаар санал өгч байгаа нь сонгуулийн үр дүнд хэрхэн нөлөөлөх вэ?
Судлаачдын үзэж байгаагаар шуудангаар санал өгөх хүмүүс олширч байгаа нь бүхэлдээ сонгууль дахь сонгогчдын оролцоог нэмэгдүүлэх үр дүнтэй гэнэ. 1992-2018 оны хооронд болсон ерөнхийлөгчийн болон Конгрессийн завсрын сонгуулиудад шуудангаар санал өгдөг болсон мужуудад сонгогчдын оролцоо 1.8-2.9 пунктээр нэмэгдсэн болохыг судлаач Барбер тогтоосон юм. Мөн Колорадо мужид 2014 онд шуудангаар санал авахыг нэвтрүүлснээс хойш сонгогчдын оролцоо 9.4 хувиар нэмэгдсэн аж.
Харин ерөнхийлөгч Трамп ийм олон хүн шуудангаар саналаа өгснөөс болж сонгуулийн луйвар гарч магадгүй гэж мэдэгдээд байгаа. Тэрээр 2020 оны 7 сард шуудангаар саналаа өгөх нь сонгуулийн луйварт хүргэх учраас энэ удаагийн сонгуулийг хойшлуулья гэсэн санал хэлж байсан.
Иймэрхүү дүр зурагтайгаар АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчийг сонгох сонгууль болох гэж байна.