Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэх үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тусгай үүргийн нислэгтэй холбоотой мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар гадаадын 81 улсаас 23,354 иргэнийг авч ирээд байна. Нийт 84 удаагийн тусгай үүргийн нислэгээр 16,816 иргэн ирсэн. Энэ сард 11 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ.
ГХЯ-наас гадаадад байгаа Элчин сайдын яамдаар дамжуулан нутаг буцах хүсэлтэй иргэдийн мэдээллийг тухай бүр аван шинэчилж ирсэн. Нийт нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо 9,000 орчим байгаа. Үүнээс нэн яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоог гаргаж байна.
Өнөөдрийн байдлаар аравдугаар сардаа буцаж ирэх нэн яаралтай 3,000 орчим хүн байгаагаас 2,500 орчим нь БНСУ-д байгаа хүмүүс юм. Энэ сарын нислэгүүдээр урьдчилсан байдлаар 2,760 хүн авч ирнэ гэж тооцож байгаа. Тэгэхээр сарын сүүлээр яаралтай нутаг буцах хүсэлтэй хүмүүсийн тоо огцом буурч татан авах ажиллагаа үндсэндээ дуусна гэж хэлж болно.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос эхлээд богино хугацааны бүх төрлийн виз олгох ажлыг зогсоосон байсан.
Гэхдээ цаашид цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэн шаардлагатайгаар Монгол Улсад албаны болон бизнесийн ажлаар ирэх хүсэлтэй гадаадын иргэдэд богино хугацааны виз олгох шийдвэрийг УОК-оос гаргасан.
Тиймээс Монголд албаны болон бизнесийн зорилгоор ирэх гадаадын иргэдэд 30 хоногийн виз олгож, 21 хоног тусгаарлагдан Монголд ажиллах боломжийг нээлээ. Мөн визээ 30 хоногоор сунгаж болох шийдвэр гаргалаа. Гадаадын иргэд нислэгт хамрагдахаас өмнө коронавирусийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай" гэв.