Үндэсний их баяр наадмаар дээгүүр барилдсан өндөр цолтой гурван бөхөөс допинг илэрсэн тухай цахим орчинд мэдээлж эхэллээ. Баяр наадмаар тав давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авдаг бөгөөд шинжилгээг БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторид хийлгэдэг. Бөхчүүдийн шинжилгээний хариу өнгөрсөн мягмар гарагт ирсэн гэх мэдээлэл байна.
Допингийн шинжилгээний хариуны талаар энэ жилийн наадмын түрүү бөх Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс өчигдөр өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэл хийлээ.
Тэрбээр ард түмэнд хандан, Баяр наадмын дараа найр наадам гэж нэлээд явж байгаад саяхнаас бэлтгэлдээ орлоо. Допингийн эсрэг үндэсний төвөөс надад шинжилгээний хариу хэлээгүй. Хариу ирсний дараа олон түмэндээ мэдэгдэнэ ээ. Надад нууж хаах зүйл байхгүй. Худал ташаа мэдээлэлд битгий автаарай гэлээ.