Дарханы 130 орчим километр замын хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 1-15-нд нээхээр төлөвлөжээ

Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 км авто замын ажил нийт таван багцаас бүрдэж байгаа бөгөөд үүний гурван багц/1, 3, 5/-ын ажил 50-68 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

Уг гурван багц буюу нийт 130 орчим км замын эхний асфальтан хучилтын ажлыг аравдугаар сард багтаан дуусгаж, замын хөвөө, тэмдэг тэмдэглэгээг хийгээд арваннэгдүгээр сарын 1-15-нд хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байгааг бүтээн байгуулалтын ажилтай танилцаж яваа Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар хэллээ. 

Үлдсэн хоёр багц буюу 2, 4 дүгээр багцын ажлыг гүйцэтгэхээр шалгарсан компанийн ажил 5-9 хувийн гүйцэтгэлтэй зогсжээ. 2, 4 дүгээр багц дээр нэг компани шалгарсан бөгөөд тус компанийн зүгээс ажлаа гүйцэтгэх боломжгүйгээ мэдэгдэн, гэрээ цуцлах үйл ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Дарханы замаар хоногт 5, 800 орчим автомашин зорчдог бол оргил ачааллын үед буюу Цагаан сар, Наадмын үеэр хоногт 12,000 хүртэл тооны тээврийн хэрэгсэл зорчдог байна. 

Хуучин зам нь 6 метрийн өргөнтэй бол одоо тавьж буй зам 9 метрийн өргөнтэй. Далангаас дээших суурь бүтэц нь 80 см зузаантай бөгөөд нийт жин нь 44 тонн хүртэл буюу нэг тэнхлэг дээрээ 11 тонн хүртэл жинтэй тээврийн хэрэгсэл зорчих боломжтой.