Булганы Гурванбулагт бэлчээрийн нөхөн сэргээлтийн туршилт явуулж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төвийн бүсийн Булган, Архангай, Өвөрхангай аймагт ажиллаж байна. Булган аймгийн Гурванбулаг сумын Авзага багийн нутаг Хэвтээгийн арын 30 га талбайд “Хэт талхлагдсан бэлчээрийг зайнаас тандах аргаар судалж нөхөн сэргээх туршилт”-ын төсөл хэрэгжиж байна.

Туршилтын үр дүнд Булган аймгийн бэлчээрийн доройтлыг хуурайшлын индекс, ургамлын нормчлогдсон индекс, хур борооны бүтээмжит байдал, хүний хүчин зүйлийн нөлөөлөл зэргийг тооцон гаргажээ. Ингэхэд 2006 онд нийт бэлчээрийн 14,2% нь сул, 1,7% нь дунд зэрэг, 0,32% нь хүчтэй доройтсон байсан бол 2019 оны судалгаагаар дээрх үзүүлэлтүүд дахин 30 хүртэл хувиар доройтсон байна. Иймд Булган аймгийн хэмжээнд бэлчээрийн нөхөн сэргээлтийг зайлшгүй хийх шаардлага үүссэн гэдгийг судалгааны ажилчид болон нутгийн малчид онцолж байна.

Судалгааны ажлын үр дүнд сүүлийн гурван жил төслийн талбайд үлийн цагаан оготно устаж, олон наст ургамлын ургац бүрэн гүйцэж, хөрсийг хуурайшуулж, цөлжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг зэрлэг ургамал буурсан байна. Энэ нь зайнаас тандалт судалгаа хийсэн газруудад үүн шиг нөхөн сэргээлт хийвэл үр дүнтэй болно гэдгийг харуулж байна гэж танилцуулав. Төслийн эрдэм шинжилгээний ажилчид малчдад бэлчээрийн нөхөн сэргээлтийн талаар байнгын сургалт явуулж, мэдээлэл өгч байна.

Малын шимт ургамал тарьж, хөрсийг нөхөн сэргээхэд цаг хугацаа шаардахаас гадна зарим ургамлын үр тонн нь 35 сая хүртэл үнэтэй байдаг нь хүндрэл учруулж, техник, технологи ажиллах хүчний дутагдалтай байдгийг төсөл хэрэгжүүлэгчид хэлж байлаа. Монгол орон даяар бэлчээрийн нөхөн сэргээлтийг явуулах талаар Засгийн газраас анхаарч ажиллана гэдгээ Ерөнхий сайд хэллээ.