Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагтай шинэ түншлэлээр хамтарч ажиллана

Швейцарийн хөгжлийн агентлагийн даргаар томилогдон Монгол Улсад ирээд удаагүй байгаа хатагтай Стефани Бурриг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хүлээн авч уулзлаа. Швейцарийн хөгжлийн агентлаг нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монголын олон салбарт томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж буй юм. Ялангуяа засаглалыг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсролын салбарт түлхүү анхаардаг бөгөөд тус агентлагаас одоо хэрэгжүүлж буй 15 төсөл, хөтөлбөрийг Засгийн газрын зүгээс дэмжихээ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв.

Тэрбээр, ”Швейцарийн хөгжлийн агентлагаас Монгол Улсад олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдгээс засаглалыг бэхжүүлэх, манлайллыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төслүүд нь хамгийн бодитой, мөнгөн дүнгээр илэрхийлэхээргүй үр дүнтэй санагддаг. Цаашид Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд бид хамтарч ажиллах бүрэн боломжтой. Засгийн газрын зүгээс ирэх жилүүдэд Монгол Улсын хэмжээнд 187 томоохон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаас ойрын хоёр жилд ТЭЗҮ-ийг нь боловсруулахаар төлөвлөсөн. Аливаа төслийн ТЭЗҮ бол хамгийн чухал. Энэ тал дээр Швейцарь туршлагатай улсуудын нэг учраас ЗГХЭГ-ын зүгээс бүх талаар хамтарч ажиллахад бэлэн байна.” гэв.

Мөн өнгөрсөн хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлсэн томоохон ажлууд болон цаашид Монгол Улсад нэн шаардлагатай хамтарч хэрэгжүүлэх төслүүдийн талаар талууд илэн далангүй ярилцсан юм. Швейцарийн хөгжлийн агентлагийн зүгээс Монгол Улсын Засгийн газартай ирэх дөрвөн жилд ижил түвшний шинэ түншлэлийн хэмжээнд хамтран ажиллаж, одоо хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа хатагтай Стефани Бурри хэлсэн.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, тэр дундаа засаглалыг бэхжүүлэх “Е Mongolia” хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулах, төрийн албан хаагчдын ёсзүйг сайжруулах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг арилгах, агаарын бохирдлыг бууруулах, орон нутгийн удирдлагыг чадавхижуулах чиглэлээр тус агентлагтай ЗГХЭГ-ын зүгээс хамтарч ажиллахаар боллоо.