“Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нарын санаачилгаар “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2020.09.04/ боллоо.  Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль зэрэг их дээд сургуулиуд,  Нийслэлийн Ерөнхий боловсролын дунд сургуулиуд, Боловсролын реформ хөдөлгөөн зэрэг олон нийтийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид болон улс төрийн намын төлөөллүүд оролцлоо. 

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ӨӨРИЙН ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГАД НИЙЦҮҮЛЭН САЙЖРУУЛАХ ЁСТОЙ

УИХ-ын гишүүн Ч.Ундрам хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. “Монгол Улс Ерөнхий боловсролын сургуулийнхаа Үндэсний хөтөлбөрийг өөрийн хэрэгцээ, шаардлага, зорилгод нийцүүлэн сайжруулж авч явах ёстой, үндэсний үнэт зүйл, хүний эрх, тэгш хүртээмжийг дээдэлсэн бодлогыг тууштай баримтлах хэрэгтэй. Нийт сургуулийн 721 нь ердийн, 15 нь мэргэжлийн, 70 нь гүнзгийрсэн, 6 нь тусгай, 8 нь олон улсын хөтөлбөрөөр сургалт явуулж байна. Улсын хэмжээнд 2 сургуулийн 9 бүлэгт 308 сурагч 3 ээлжид хичээллэж байгаа бөгөөд бүлэг дүүргэлт зохих хэмжээнээс хэтэрсэн нийслэлийн 35 сургууль, аймгийн 6 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Энэ хэдэн тоо Та бидэнд байгаа байдалдаа дүгнэлт хийж, хөрсөн дээрээ бууж, асуудалд бодитоор хандах хэрэгтэй байгааг сануулж байна'' хэмээлээ. 

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ УЛС ТӨРЖИЛТ БАЙХ ЁСГҮЙ

УИХ-ын гишүүн, БСШУБХ-ны дарга Ж.Мөнхбат "Боловсрол бол бүх зүйлийн үндэс суурь юм. Бид олон улсын стандартад нийцсэн, хүн бүрийг тэгш боломжоор хангах асуудал бол боловсролын салбарын тэргүүний асуудал. Бид сэтгэлийн хөөрлөөр, нийгэмд таалагдах үүднээс боловсролын асуудалд хандаж болохгүй. Тиймээс бид дотоодын эдийн засаг, бодит байдалд тулгуурласан, дэлхийн жишигт нийцсмэн боловсролын тогтолцоо уруу алхах нь зөв. Тиймээс цаашид энэ асуудлаар хэд хэдэн нээлттэй хэлэлцүүлгийг хийнэ. Намрын чуулганаар боловсролын тухай хуулийг хэлэлцэнэ. Монгол иргэн дэлхийн стандартад нийцсэн боловсрол эзэмшүүлэх шаардлага байгаа учраас энэ асуудлыг олон талаас нь авч үзэх ёстой. Бид эрдэмтэн судлаачдынхаа үгийг сонсох. Улс төрчдийн шөнө зүүдэлсэн мэргэн санаанд тулгуурлаж бодлого тодорхойлж ирсэн. Одоо судалгаа, эрдэмтэн судлаачдын үгийг сонсож, хөрсөн дээр буух шийдвэр гаргаж байх ёстой. Боловсролын салбарт улс төржилт байх ёсгүй. Бүгд хэлэлцэж, зөвшилцөж зөв гаргалгаа гаргах учиртайг онцлоод цаашлаад хэд хэдэн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах, намрын ээлжит чуулганаар Боловсролын багц хуулийг хэлэлцэх төлөвлөгөөг танилцууллаа. 

БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ БАГШААС ЭХЭЛНЭ 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Нэгэнт бий болсон боловсролын тэгш бус байдлыг Монголын төр зүгээр хараад сууж болохгүй. Энэ тэгш бус байдлыг өдөөж болохгүй тухай ярьж байгаа учраас сурагчдын хувьсах зардлын ялгааг бид судалж үзсэн. Боловсрол, шинжлэх ухааны яамны өгсөн албан ёсны мэдээллээр Кембрижийн сургуульд сурч байгаа нэг сурагчид ногдох жилийн хувьсах зардал 2.4 сая төгрөг байхад үндэсний хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн хувьсах зардал 374 мянга буюу зургаа дахин бага байна. Хөдөө орон нутгийн сурагчдын хувьд 437 мянган төгрөг байгаа юм. 

Кембриж бол дэлхий дээр байдаг маш олон хөтөлбөрийн нэг. Гэтэл энэ олон хөтөлбөрийн зөвхөн нэгийг нь сонгож төрөөс маш өндөр зардал гаргасан ч хүртээмж маш бага байна.

Ийм хөтөлбөртэй сургуулийг нийт ерөнхий боловсролын сургуулийн 10 хувьд хүртэл байгуулъя гэж байгаа юм. Угаасаа бүгдийг зэрэг байгуулах боломжгүй, үе шаттай хэрэгжинэ. Гэтэл ийм бага хүртээмжтэй сургууль байгуулахын тулд үлдэж буй 98, 99 хувийн сурагчдын асуудлыг яах вэ. Тиймээс цөөхөн хүүхдэд зориулах төсвийн нөөцийг нийт хүүхдүүддээ зарцуулж байж бид тэгш хүртээмжтэй боловсролын зарчмын зорилгоо биелүүлэх ёстой.

Нөгөө талд Кембрижийн сургуулийн тоог 10 хувьд хүргэнэ гэж байгаа ч хамрагдах хүүхдийн хувийг нийт хүүхэдтэйгээ харьцуулбал маш бага тоо гарч ирнэ. Тэгээд ч 10 хувьд хүргэх хүртлээ маш их хугацааг буюу хэдэн 10 жил шаардана. Энэ хугацаанд бусад сургуулийн асуудлаа яах вэ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар одоо байгаа гурван лаборатори сургуулийн дайтай дахиад олон сургууль нэмэх цаг хугацааны болоод хүн хүчний боломж угаасаа байхгүй.

Миний хувьд Кембрижийн хөтөлбөр болоод хувийн сургуулийг үгүйсгэж байгаа зүйл байхгүй. Хувийн сургуулиуд нь энэ хөтөлбөрөө хэрэгжүүлээд явж болно. Тэгтэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар одоо байгаа гурван лаборатори сургуулийн дайтай дахиад олон сургууль нэмэх цаг хугацааны болоод хүн хүчний боломж угаасаа байхгүй. Нийт хүүхдийн 10 хувийг Кембрижийн хөтөлбөртэй болгох хүртэл бусад 98, 99 хувьд үлдэж буй сурагчдын асуудлыг яах вэ. Өнөөдрийнх шиг нэг ангид, 50, 60-уулаа суугаад сурч байгаа хүүхдүүд яах вэ. Ийм нөхцөлд бид сайн багшийг ч тогтоох боломжгүй байна. Сайн багшийг хувийн сургуулиуд өндөр цалин амлаад авчихаж байна. Тэгэхээр бид багшийн хөгжлийн асуудлыг дэмжсэн бодлого явуулах ёстой. Боловсролын шинэчлэл гэхээр барилга, байшин барьж бодлого шинэчлэл ярьдаггүй байдал нэлээд удаан үргэлжиллээ. Одоо бид төрөөс баримтлах боловсролын бодлогоо хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй боловсрол олгоход чиглүүлэх, ашгийн бус сургалтын байгууллагыг төрөөс дэмжих, багшийн нийгэм дэх үнэлэмжийг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн бодлого боловсруулах ёстой" хэмээн байр сууриа илэрхийлж, хэлэлцүүлгийг удирдан явуулсан юм. 

 КОЛОНИЧЛОЛЫН МЭДЛЭГИЙН ҮР ДҮНД ҮНДЭСТНИЙ ҮНЭГҮЙДЭЛ БИЙ БОЛДОГ

Хэлэлцүүлэгт тавьсан зарим илтгэлээс онцолбол доктор, профессор, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч Д.Бум-Очир “Боловсролын колоничлол” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ “Боловсрол гэдэг бол мэдлэг олгодог зүйл. Харамсалтай нь мэдлэг гэдэг зүйл хэн нэгний ашиг сонирхолд үйлчилж болдог. Мэдлэг гэдэг зүйл хэн нэгний, аль нэг их гүрний ашиг сонирхолд үйлчилж байвал яах вэ. Тийм ашиг сонирхолд үйлчилсэн боловсролыг бид хүүхдүүддээ олгож байвал яах вэ. Монголчуудыг нийгмийн хөгжлийн онолыг үүднээс зэрлэг, бүдүүлэг гэдэг катигорит оруулж байлаа. Бидний тахих шүтэх гээд байгаа, олон улсын түвшний гэж ярьж байгаа Кембрижийн хөтөлбөр маш хэрэгтэй, гэхдээ бас маш их гайтай. 

Нийгмийн хувьслын онолоор буюу бидний таних шүтэх гээд байгаа, импорлож оруулж ирэх гээд байгаа мэдлэгт биднийг бүдүүлгүүд гэдэг. Бид колончлолын мэдлэгийн тогтолцоогоор өдий хүртэл явж байна. Өмнө нь Зөвлөлтийн ашиг сонирхолд үйлчилж байсан. Харин 1990 оноос хойш бид өөрсдийн үндэсний боловсролын хөтөлбөртэй болохыг хүсэж түүнийхээ араас явж байгаа. 

Боловсролын тогтолцооны ард ямар ашиг сонирхол байна вэ гэдгийг танин мэдэх хэрэгтэй байна. 

Олон улсын боловсролын хөтөлбөр гэдэг зүйл дэлхий даяар нэр нөлөөтэй болоод ирсэн. Бидний өнөөдөр яриад байгаа боловсролын тогтолцоо бол англи, америкийн мэдлэгийн колоничлол. Үүнийг даяаршлын мэдлэг гэдэг. Колоничлолын мэдлэгийн үр дүнд Үндэстний үнэгүйдэл бий болдог. Жишээлбэл, сонгодог урлаг бол урлаг, Ардын урлаг урлаг биш. Европ эмнэлэг бол эмнэлэг, Ардын уламжлалт эмнэлэг эмнэлэг биш болох зэрэг үндэстний өв соёл үнэгүйдэх аюултай. Бидний импортолж оруулж ирэх боловсролын тогтолцооны нөлөөгөөр бидний мэдлэг, түүх, соёл, ард түмэн үнэгүйдэх болно. Мөн үүний үр дүнд мэдлэгийн хямрал болдог. 

Мэдлэгийн хямралын хамгийн хортой нь зөрчил, ялгаварал, тэгш бус байдлыг бий болгодог. Бид үндэсний мэдлэг бий болгохын тулд колончлолын мэдлэгээс ангижирмаар байна. 

Мэдлэг хэрхэн бүтдэг тухай мэдлэг бүтээе. Мэдлэг ямар ашиг сонирхолд үйлчилж байгааг судлах, мэдэх хэрэгтэй байна

НИЙТИЙН ХӨРӨНГИЙГ ХЭТ ХҮРТЭЭМЖГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭНД ЗАРЦУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ

Үүний дараа доктор, дэд профессор, МУБИС-ийн багш С.Түмэндэлгэр “Бүх нийтийн боловсролын үйлчилгээг шударга ёсны үүднээс хэлэлцэх нь”  сэдэвт илтгэлийг тавилаа. Тэрбээр илтгэлдээ "Монгол Улсын Үндсэн хуульд сурч боловсрох эрхтэй, ерөнхий боловсролын хувь үнэ төлбөргүй байхаар зааж өгсөн. Кембрижийн хөтөлбөрөөр суралцаж байгаа хүүхдүүд 1,000-аад хүүхэдтэй  өрсөлдөөд тэнцээд өндөр зардалтайгаар суралцаж байгаа явдал нь хэрэгцээний ялгаатай байдлыг харгалзаж байгаа хэрэг мөн үү. Шалгалтад тэнцэхэд нийгмийн гарал нь нөлөөлөх үү. Зөвхөн Кембрижийн сургалттай сургуулийн шалгалтад бэлдэхийн тулд 1.5 сая төгрөгийн төлбөртэй сургалт хичээллэж байна. Тэгвэл хэрэгцээний ялгаатай байдлыг зайлшгүй харгалзах ёстой юу гэдэг асуудал гарч ирж байна. 

Хэн боловсролын үйлчилгээний гадна үлдэж байна вэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхэд, алслагдмал нутгийн малчдын хүүхэд, ажил хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүд гэж судалгаагаар гарч байна. Судалгаагаар төлбөртэй дамжаанд хамрагдсан хүүхдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүн хамрагдаагүй хүүхдүүдийнхээс өндөр, гэртээ даардаггүй, номтой хүүхдийн сурлагын түвшин өндөр гэх мэт судалгааны үр дүнгүүд байна. Амьжиргааны түвшнээс доогуур амьдарч буй хүүхдүүд өлссөнөөсөө болоод хичээлээ ойлгодоггүй гэх судалгаа ч байна. 

Хамран сургалтын гадна хэн үлдээд байна вэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургуульд суралцах боломж дийлэнхэд нь хаалттай байна. Мөн амжиргааны түвшин доогуур өрхийн, алслагдмал нутгийн малчдын хүүхдүүдэд ч суралцах боломж бага байна.

Бүх хүүхдээ сургуульд хамруулахад одоогийн санхүүжилт хангалттай байна уу. Хүүхэд бүрийн оршин суугаа газартаа боловсролын үйлчилгээг чанартайгаар авах, сургуульдаа хүрч очих таатай нөхцөл бүрдүүлэхэд хэдэн төгрөг шаардлагатай вэ.

Ийм үед нийтийн хөрөнгөөс Кембрижийн хөтөлбөрийг нэмэлт өртөгтэйгээр санхүүжүүлэх үү эсвэл нийтийн хөрөнгөөр бүх нийтийн боловсролын үйлчилгээний хүртээмж чанарыг сайжруулахад чиглэсэн бүхий л зардлыг нь гаргахад анхаарах уу.  Нийтийн хөрөнгийг хэт хүртээмжгүй үйлчилгээнд зарцуулж байгаа шийдлийг гаргах нь зүйтэй юу гэж асуулт тавьмаар байна" хэмээгээд нийтийн хөрөнгөнөөс Кембрижийн хөтөлбөрийг нэмэлт өртөгтэйгөөр санхүүжүүлэх үү, эсвэл нийтийн хөрөнгөөр бүх нийтийн боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах уу гэдгийг илтгэлдээ онцолсон юм.

Мөн “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч  Д.Тунгалаг “Кембрижийн хөтөлбөр: Үйл явц, үр дагавар”, МУИС-ийн харьяа “Байгаль-Эх” лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн захирал П.Түвшинтөр “Монголын боловсролын тогтолцоог сайжруулах арга зам” сэдвээр илтгэлүүдийг тус тус тавилаа.

КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД НИЙТ СУРАГЦАГЧ 8400 ХҮҮХДИЙН ДӨНГӨЖ 2 ХУВЬД НЬ Л ХЭРЭГЖИНЭ

Бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг "Кэмбрижийн хөтөлбөрийг ЕБС-иудын 10 хувьд нэвтрүүлэхэд эдгээр сургуулиудад суралцаж байгаа болон суралцах 8400 суралцагч нь нийт суралцагчдын 2 хувийг л эзэлж байна. Шинэ Эрин сургууль хэдийгээр шалгалт авч байгаа хэдий ч компанийн захирал, дарга, төрийн албан хаагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч гээд дийлэнх нь дунд дундаас дээш түвшний орлоготой гэр бүлээс гаралтай, суурь мэдлэг сайтай хүүхдүүд суралцаж байна. Мөн төгсөгчдийн 70 хувь гадны их дээд сургуульд тэнцсэн боловч 25 хувь нь л сургуульдаа элсэн орж чадсан гэсэн тоог сургуулиас нь авсан болохыг Д.Тунгалаг багш хэлсэн юм. 

БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СИСТЕМ РҮҮ ШИЛЖИХ ХЭРЭГТЭЙ

МУИС-ийн харьяа Байгаль эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн захирал П.Түвшинтөр: Тэрбээр "Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Манай улсад төрийн өмчит сургуулиудын хүртээмж ямар байгаа билээ. Кэмбрижийн хөтөлбөртэй сургуулиудад хүүхдийн тоош 25-аас хэтрүүлэхгүй байх ёстой. Одоогий нөхцөл байдалд авч үзвэл зургаан ээлжээр хичээллэх шаардлага гарна. Иймээс төрийн өмчит сургуулиудын тоог 200-аар нэмэгдүүлэх хэрэгтэй болно. Тэгэхээр суурь асуудлаа шийдэхгүйгээр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахгүй. Сургуулийн хүртээмж, багш нарын чадавхи, сургалтын орчин зэрэг энэ асуудлыг системтэйгээр харах хэрэгтэй. Боловсролын тогтолцоо бол багш нарын чанар. Багш нарыг чадавхижуулах энэ систем рүү шилжих хэрэгтэй" гэв.

Ингээд оролцогчид дурдсан илтгэлтэй холбоотой асуулт хариулт, санал шүүмж хэлж, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

ӨРСӨЛДӨХ ЧАДВАР НЭМЭГДҮҮЛЭХ БАЙДЛААР ЭНЭ ХӨТӨЛБӨРИЙГ НЭМЭГДҮҮЛЬЕ ГЭЖ БАЙГАА ЮМ

УИХ-ын гишүүн Н.Учрал "Боловсролд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Энэ салбарт ажиллаж буй хүмүүс боловсролын реформ хийхэд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Би энэ салбараас өсөж өндийсөн хүний хувьд боловсролын шинэчлэлийг шинжлэх ухаанчаар хандах ёстой. Боловсролын салбар тэгш боломж олгох ёстой гэж боддог. Тиймээс олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж хүүхэд залуусын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлье гэж ярьж байгаа юм. Яагаад жирийн айлын хүүхэд тэгш боломжийг хүртэж болохгүй гэж. Эцэг эхчүүд бас үүнийг хүсэж байна. Нарийн мэргэжлээр технологийн чиглэлээр дэлхийн их дээд сургуульд элсэн суралцахад хэрэгтэй. Бага, дунд ангид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж болохгүй гэдэгтэй санал нийлж байна. Бага, дунд ангид нөгөө 18 хичээл нь Монгол хэлээр ордог шүү дээ. Өрсөлдөх чадвар нэмэгдүүлэх байдлаар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлье гэж байгаа юм. Үндэсний боловсролоо хөгжүүлэх ёстой гэдэгтэй санал нийлж байна. Олон улсад Монголын боловсролыг өрсөлдөхүйц хэмжээнд хүргэх зорилгоор Шинэ Эрин, Монгол Тэмүүлэл зэрэг сургуулиуд байгуулагдсан шүү дээ. Гэтэл өнөөдөр хувийн сургуулийн, энгийн сургуулийн, лаборатори сургуулийн хүүхдүүд гэж хуваагдаж байна. Ямар ч хүүхэд тэгш боломжоор хангагдах ёстой гэдэг үүднээс энэ саналыг дэвшүүлсэн. Олноороо хэлэлцэж байх шийднэ" хэмээгээд тэгш боловсрол чухал байгааг онцлоод, дэлхийд өрсөлдөх чадвартай ирээдүйг бэлдэх учиртайг онцолсон юм. 

Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан. Гэтэл хэдхэн сургуульд Кембриж хэмээн гадны үнэтэй хөтөлбөрийг авч төсвийн мөнгөөр боловсролын ялгаатай байдлыг үүсгэж болохгүй хэмээн шүүмжилсэн юм.  

ДУНД АНГИАС ЭХЛЭЭД АНГЛИ ХЭЛ ҮЗДЭГ БОЛГОЁ

Тэрбээр "Бид Үндсэн хуулиа зөрчиж, хүүхдүүдээ ангилан ялгаж хуваасаар байна. Баян чинээлэг айлын хүүхэд, даргын хүүхэд, гэр хорооллын хүүхэд гэх мэт. Бид Үндсэн хуулиа мартсан. Одоогийн нийгэмд хүүхдийг ялгаварлан гадуурхах тогтолцоог бид бий болгожээ. Би сайдаар ажиллаж байхад Элчин сайдын хүүхдүүд Элчин сайд болдог байсан. Гадаад гэж хошуурахаа болимоор байна. Гадаадад төгсөж ирсэн хүүхдийг тахин шүтэж байна. Бакалаврын түвшний хүүхдүүдийг гадаад руу явуулмааргүй байгаа юм. Гадаад руу тэмүүлдэг тэр тогтолцоог болиулмаар байна. Тэгш бус нөхцөлийг бий болгож байна. Хүүхдүүдэд багаас нь гадаад хэл заахыг хориглосон хуулийн заалт оруулах хэрэгтэй. Монгол хүүхэд юм бол монгол хэлээ сур. Дунд ангиас эхлээд гадаад хэлээ сурч болно. Зургаадугаар ангиас эхэлж гадаад хэл үзэж болно. Яахаараа Монгол хэл англи хэлний хажуугаар ордог юм бэ. Монгол хэлийг тээж авч явах нь бидний үүрэг шүү дээ. Бид нарын үр хүүхэд Монгол хэлийг сурахгүй бол яах вэ" гэлээ.

ЭРҮҮЛ САРУУЛ, ЗӨВ ХҮН БЭЛДЭХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО

Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Энэ намрын чуулганаар Боловсролын багц хуулийг баталж амжихгүй байх. Ийм том асуудлыг сайтар хэлэлцэж зөвшилцөж шийднэ. Боловсролын асуудал бол бүх нийтийн асуудал иймээс том хэлэлцүүлгүүдийг зохион байгуулна. Боловсролын салбарт шинэчлэл хэрэгтэй байна. Энэ бол шинэчлэлийн зөвхөн эхлэл Шинэчлэл маш удаан үргэлжилнэ. Саяны чуулганаар Кэмбрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаар нэлээд маргалаа. Тэгэхээр системтэй хандлага маш чухал байна. Цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Бодлогын баримт бичиг маань буруу батлагдвал тогтолцооны гажуудал үүснэ. Иймээс эхлээд багш нарын чадавхи сургалтын орчин гэдэг асуудал руугаа орохоос өмнө нийгмийн зөвшилцөлд хүрэх хамгийн чухал. Нийгмээрээ буруу ойлголттой байх шиг байна. Миний бодлоор хүүхдэд олгох боловсролын хамгийн гол нь эрүүл саруул зөв хүн хүмүүжүүлэхэд чиглэгдэх ёстой байх. Айхтар тоо мэддэг байх нь сонирхолтой биш. Боловсролын гол зорилго руу анхаарлаа хандуулж хэлэлцүүлгээ хиймээр байна" гэж саналаа хэлсэн юм.   

Хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэн судлаачдын ихэнх нь бүх хүүхдэд чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэх, бүх шатны боловсролын залгамж холбоог хангасан Үндэсний боловсролын суурь үзэл баримтлалтай болж, байгаа хөтөлбөрүүдээ сайжруулах, багш боловсон хүчнээ бэлтгэж, нэгдсэн бодлоготой болох ёстой гэсэн байр суурьтай байлаа. Тиймээс УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос боловсролын бүх шатны байгууллагын төлөөллийг оролцуулсан үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг хийнэ гэдгээ мэдэгдсэнээр хэлэлцүүлэг өндөрлөв.