УИХ-ын ээлжит бус чуулганаар өнгөрсөн Баасан гарагт Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталсан билээ.
Тус хөтөлбөрийг хэлэлцэн батлах хүрээнд боловсролын салбарт хийгдэх ажил, зорилтын талаарх нэгэн хэлэлцүүлэг нийгэмд бий болсон нь ерөнхий боловсролын сургуулийн 10 хувийг Кембрижийн хөтөлбөртэй болгох тухай байв. Энэхүү зорилтыг УИХ-ын гишүүд дэмжээгүй юм.
Тэгвэл дээрх саналыг яагаад дэмжээгүй болоод Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт Боловсролын салбарт хийж хэрэгжүүлэх ажлууд хэрхэн туссан талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцаж мэдээлэл авснаа уншигч та бүхэнд хүргэж байна.
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт боловсролын салбарын зорилт хэрхэн туссан бэ. Ерөнхий боловсролын нийт сургуулийн 10 хувийг Кембрижийн хөтөлбөртэй сургууль болгоно гэсэн зорилт дэмжигдээгүй гэж ойлгосон. Мөрийн хөтөлбөр дэх Боловсролын салбарын зорилтын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг баталсан. Энэ хоёр бодлогын баримт бичгийн аль алинд нь төрөөс боловсролын салбарт явуулах бодлогыг “Хүн бүр чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцоог бэхжүүлнэ” гэж заасан.
Тодруулбал, нийгмийн цөөнх, аль нэг хэсэгт давуу тал олгохгүй, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенц, “Алсын хараа 2050” хөтөлбөрийн үндсэн зарчмын дагуу тэгш хүртээмжтэй боловсролыг УИХ дэмжсэн.
Ингэхдээ бодлогын баримт бичгүүдэд Кембрижийн гэх мэт аль нэг улсын хөтөлбөр сургалтыг онцгойлж дэмжихгүйгээр “Олон улсад өрсөлдөж чадахуйц үндэсний боловсролын тогтолцоог үе шаттай нэвтрүүлнэ” гэж УИХ баталлаа. Энэ нь Монгол Улсыг хөгжүүлэх дунд хугацааны стратегийн баримт бичигт боловсрол хэнийг ч алагчлахгүй байх, боловсрол хүүхэд бүрд хүртээмжтэй байх зарчмыг баталгаажуулсан гэсэн үг юм.
Тиймээс үндэсний боловсролын тогтолцоо, багшлах хүчин, хөтөлбөр, орчны асуудлыг сайжруулах ажлуудыг тэргүүн ээлжид тавин ажиллах болно.
-Хэсэг УИХ-ын гишүүн нийт ЕБС-ийн сургуулийн 10 хувийг Кембрижийн хөтөлбөртэй болгохоос гадна байгалийн шинжлэх ухааны хичээлийг цаашдаа энэ хөтөлбөртэй дүйцүүлэх санал гаргасан. Энэ нь үнэхээр чадалтай, чадвартай сурагчдад илүү их боломжийг олгох юм байна гэж дэмжиж байсан хүмүүс байсан. Үнэхээр чадвар, чадалтай хүүхдүүдээ тэгшитгээд явах нь зөв үү гэсэн талын байр суурийг асуух нь зөв байх.
-Монгол Улс өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд зарим нэг сургуулийг байгалийн шинжлэх ухаан болон бусад чиглэлээр төрөлжүүлж, хөгжүүлж ирснийг бид мэднэ. МУИС-ийн дэргэдэх Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль, 1, 11 гэх мэт тодорхой хичээлээр гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиуд байдаг. Гэтэл одоогийн нөхцөл байдлыг аваад үзвэл эдгээр сургуулийн хөтөлбөр хүртээмж нь нийгмийн олонход хүртээлгүй байсаар ирсэн.
Мөн 2011 оноос эхэлсэн Кембрижийн хөтөлбөртэй улсын гурван лаборатори сургууль бий. Эдгээр сургууль нь математик зэрэг байгалийн шинжлэх ухааны хичээлийн мэдлэг, чадвараар нь сонгон шалгаруулах замаар шалгаж авдаг. Гэтэл эдгээр тусгай хөтөлбөртэй сургууль нь тэгш хамруулах зарчимтай нийцдэггүй учраас нийгмийн ардчиллын үзэл баримтлалтай улс орнууд ийм лаборатори сургууль гэхээсээ илүү төрийн бүх боловсролын байгууллагыг ижил тэгш үйлчилгээ үзүүлдэг, бүх нийтийн боловсролын үнэ төлбөргүй тогтолцоог дэмждэг.
Миний хувьд, зүүн төвийн үзэл баримтлалыг илүү дэмждэг учраас тусгайлсан хөтөлбөртэй, сонгон шалгаруулж элсүүлдэг, нийгмийн цөөн хэсэгт чиглэдэг бодлогын эсрэг байр суурьтай байгаа.
-УИХ, Засгийн газар ямартай ч аль нэг бусад улсын хөтөлбөрийг онцгойлохоос илүү үндэсний хөтөлбөрөө шинэчилж, бэхжүүлэх тал дээр санал нэгдсэн гэж ойлголоо. Тэгвэл одоо хэрхэн шинэчлэх вэ гэдэг асуудал яригдана. Манай одоогийн үндэсний хөтөлбөр өөрөө маш их шүүмжлэл дагуулдаг. 30 жил бид өөрсдөө оролдоод юу чадав?
-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улс боловсролын салбарт олон алдаа хийсний нэг нь нэгэнт хүрч, хамарч чадахгүй байгаа асуудлаа хувийн салбарт үүрүүлсэн. Улмаар боловсролын асуудал ашиг хонжоо олох хэрэгсэл болсон. Хэдийгээр төр өөрөө хүрч үйлчилж чадахгүй байгаа орон зайд хувийн сургуулиуд ачаалал хувааж байгаа давуу талтай ч бизнесийн хэрэгсэл болсон. Энэ суурийг төр өөрөө тавьсныг хэлэх хэрэгтэй. Маш олон сургууль нийгмийн дундаж хэсгийн орлогоос давсан өндөр төлбөртэй байна. Энэ нөхцөлд боловсролын тэгш бус байдал газар авч, улмаар нийгмийн тэгш бус байдлыг гүнзгийрүүлэх гол хүчин зүйл болж байгаа юм.
Нэгэн сонирхолтой судалгааг МУБИС-ийн доктор С.Түмэндэмбэрэл хийсэн байна. 2015-2019 он хүртэлх их, дээд сургуульд элсэгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүнд анализ хийж үзэхэд шалгалтад 650-аас дээш оноо авч байгаа төгсөгчдийн эцэг, эхийн орлого дунджаас өндөр байгаа хамаарал ажиглагдсан байна.
Өөрөөр хэлбэл, сурлагын амжилт нь өрхийн орлоготой шууд хамааралтай нь нотлогдсон.
Ингээд хэлэхээр зарим хүн мэдээжийн зүйл гэх байх. Гэтэл ийм бодит байдлыг бид үл ойшоосоор байвал нийгмийн дундаж анги болон түүнээс доогуур түвшний хэсгийн хүүхэд, залуусын боломж бүр багассаар байх аюултай юм. Үүнийг Монголын төр зүгээр хараад сууж болохгүй. Боловсролын тэгш үйлчилгээг хүүхэд бүрд хүргэх ёстой.
Нэгэнт боловсролын тэгш бус байдлыг өдөөж болохгүй тухай ярьж байгаа учраас сурагчдын хувьсах зардлын ялгааг бид судалж үзсэн.
Боловсрол, шинжлэх ухааны яамны өгсөн албан ёсны мэдээллээр Кембрижийн сургуульд сурч байгаа нэг сурагчид ногдох жилийн хувьсах зардал 2.4 сая төгрөг байхад үндэсний хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн хувьсах зардал 374 мянга буюу зургаа дахин бага байна. Хөдөө орон нутгийн сурагчдын хувьд 437 мянган төгрөг байгаа юм.
Мөн Кембрижийн хөтөлбөртэй нэг сургууль байгуулахад:
багш нарыг нь бэлдэхэд нэг тэрбум,
лаборатори нь 6.5 тэрбум төгрөг,
хэвийн үйл ажиллагаа явуулах урсгал зардал нь 1.1 тэрбум төгрөг буюу нийт зардал нь 8.5 орчим тэрбум төгрөг болж байгаа юм.
Кембриж бол дэлхий дээр байдаг маш олон хөтөлбөрийн нэг. Гэтэл энэ олон хөтөлбөрийн зөвхөн нэгийг нь сонгож төрөөс маш өндөр зардал гаргасан ч хүртээмж маш бага байна.
Ийм хөтөлбөртэй сургуулийг нийт ерөнхий боловсролын сургуулийн 10 хувьд хүртэл байгуулъя гэж байгаа юм. Угаасаа бүгдийг зэрэг байгуулах боломжгүй, үе шаттай хэрэгжинэ. Гэтэл ийм бага хүртээмжтэй сургууль байгуулахын тулд үлдэж буй 98, 99 хувийн сурагчдын асуудлыг яах вэ. Тиймээс цөөхөн хүүхдэд зориулах төсвийн нөөцийг нийт хүүхдүүддээ зарцуулж байж бид тэгш хүртээмжтэй боловсролын зарчмын зорилгоо биелүүлэх ёстой.
Нөгөө талд Кембрижийн сургуулийн тоог 10 хувьд хүргэнэ гэж байгаа ч хамрагдах хүүхдийн хувийг нийт хүүхэдтэйгээ харьцуулбал маш бага тоо гарч ирнэ. Тэгээд ч 10 хувьд хүргэх хүртлээ маш их хугацааг буюу хэдэн 10 жил шаардана. Энэ хугацаанд бусад сургуулийн асуудлаа яах вэ.
Миний хувьд Кембрижийн хөтөлбөр болоод хувийн сургуулийг үгүйсгэж байгаа зүйл байхгүй. Хувийн сургуулиуд нь энэ хөтөлбөрөө хэрэгжүүлээд явж болно. Тэгтэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар одоо байгаа гурван лаборатори сургуулийн дайтай дахиад олон сургууль нэмэх цаг хугацааны болоод хүн хүчний боломж угаасаа байхгүй. Нийт хүүхдийн 10 хувийг Кембрижийн хөтөлбөртэй болгох хүртэл бусад 98, 99 хувьд үлдэж буй сурагчдын асуудлыг яах вэ. Өнөөдрийнх шиг нэг ангид, 50, 60-уулаа суугаад сурч байгаа хүүхдүүд яах вэ. Ийм нөхцөлд бид сайн багшийг ч тогтоох боломжгүй байна.
Бид тус бүрийг нь 8.5 тэрбумын өртөгтэйгөөр Кембрижийн 40 сургууль байгууллаа гэхэд урсгал зардал нь жилийн 59.6 тэрбум төгрөг болохоор байгаа юм. Энэ бол байгуулагдаад үйл ажиллагаа жигдэрсний дараах дүн.
Тэгвэл бодит байдлаа бодитоор нь аваад үзье. 10 жилийн хугацаанд Кембрижийн хөтөлбөртэй гурван сургууль байгуулах гэж үзэж тарж байна. Өнөөдөр хоёр нь байргүй байгааг бодоод үзээрэй.
-Өөрөөр хэлбэл, боломжгүй зүйлийг боломжтой мэт яриад байгаа гэж ойлголоо. Зөв үү?
- Санаачилга нь зөв боловч Монгол Улсын өнөөдрийн санхүү эдийн засгийн боломж болоод боловсролыг нийт сурагчдад хүртээмжтэй болгох зорилгоос гажих учир үүнийг дэмжих боломжгүй юм.
-Үндэсний хөтөлбөрөө хэрхэн сайжруулан бэхжүүлэх вэ?
- Өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтад бид юун түрүүнд дүн шинжилгээ хийх хэрэгтэй. 2016-2020 онд гурван ээлжтэй 28 сургуулийг хоёр болгохоор зорилт тавьж хоёр ээлжтэй болгож мөн хугацаанд 200 орчим сургууль, цэцэрлэгийг шинээр барьсан байна. Өөрөөр хэлбэл, дэд бүтцэд төсвийн зарцуулалтыг чамлахааргүй хийж байна. Гэхдээ хатуу дэд бүтцээс гадна хүн рүү чиглэсэн зөөлөн дэд бүтцэдээ хангалттай хэмжээнд мөнгө зарцуулж чадаагүй. Багшийн ур чадварыг хөгжүүлэх, агуулгын шинэчлэл, хичээлийн хэрэглэгдэхүүн гэх мэтийн төсөв хангалтгүй, хүрэлцээгүй хэвээр байна.
Тиймээс дараа дараагийн жилд хатуу дэд бүтцээс гадна багш руу, сургалтын хөтөлбөр рүү чиглэсэн төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэх ёстой
Тиймээс дараа дараагийн жилд хатуу дэд бүтцээс гадна багш руу, сургалтын хөтөлбөр рүү чиглэсэн төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэх ёстой. Намрын чуулганаар Боловсролын салбарын багц хуулиуд хэлэлцэгдэнэ. Үүнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо анхаарал тавин ажиллаж байна. Боловсролын багц хуульд багшийг дэмжих, үндэсний боловсролын тогтолцоогоо сайжруулж, бэхжүүлэх, хөтөлбөрийг чанаржуулах асуудлыг хэлэлцэж шийднэ.
Тухайлбал, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан “Чадварлаг багш” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Үүний хүрээнд багшийн нийгэм, эдийн засгийн орчныг нь бэхжүүлэх, багшийн нийгэм дэх нэр хүндийг өргөх, багш ажлын байран дээрээ тасралтгүй суралцах, гадаад болон дотоодод мэргэжил дээшлүүлэх боломжийг дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Сүүлийн 7-8 жилд МУБИС ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн өгдөг элсэлтийн ерөнхий шалгалтад 700-аас дээш оноо авсан төгсөгчдийг 100 хувь улсын зардлаар сургах бодлого хэрэгжүүлсэн нь оюутны чанарыг дээшлүүлсэн байдаг. Гэтэл эдгээр сайн төгсөгчид маань төрийн өмчит сургуульд 2, 3 жил ажилласны дараа хувийн сургууль руу явчихдаг жишээ маш олон байна. Тиймээс ч төрийн бодлогоор дэмжиж сургасан багш нарыг төрийн өмчит сургуульд нь үлдээхийн тулд багшийн үнэлгээ болон урамшууллын системийг шинэчилнэ.
Мөн өмнөх системд байсан илгээлтийн эзэн гэдэг шиг хөдөө, орон нутагт ажиллах багш нарын нийгмийн орчныг дэмжих ёстой. Үүнд орон нутгийн удирдлага, тухайн сургуулийн удирдлагуудтай хамтарч ажиллах шаардлагатай.
Хөтөлбөрийн хувьд нэгэн сонирхолтой үр дүн судлаачид гаргасан байна. Юу гэхээр, хөтөлбөр шинэчлэгдэх бүрд боловсролын тэгш бус байдал нэмэгдсэн байгаа юм.
Тиймээс шинэчлэл, реформ хийхдээ маш болгоомжтой хандах хэрэгтэй. Тухайлбал 2014 оноос хэрэгжсэн "Цөм" хөтөлбөрийн хүрээнд багшийн ажлын ачаалал эрс нэмэгдсэн. Ингэхдээ багш өөрийгөө хөгжүүлж, хичээлийн чанартаа анхаарах бус бичиг цаасны ажил нь ажлын цагийг маш их хугацааг эзэлж байгааг яам нь өөрөө тогтоогоод тэдгээр ажлыг нь бууруулах гээд ажиллаж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, шинэчлэл, өөрчлөлтийг бид маш сайн судалгаа, тооцоололтой хандаж хийх хэрэгтэй. Хийж буй боловсролын шинэчлэл болгон нь хотын төвийн хэдэн сургууль, эсвэл хувийн сургуулиуддаа ээлтэй байгаад байдаг ч үндэсний цөөнх, хөдөө орон нутаг, хотын захын сургуулиудад сөрөг нөлөөлөл авчирч байгааг “Ерөнхий боловсролын сургуулийн норматив зардалд суурилсан санхүүжилтийн аргачлалын судалгаа”-нд дурдсан байна.
Хөтөлбөрийн тухайд мөн л сонирхолтой судалгааг Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв хийсэн. Судалгаанд, төрийн өмчит сургуулийг төгсөж байгаа сурагчдын байгалийн шинжлэх ухааны чиглэлээрх хичээлийн дүн хувийн өмчит сургууль төгсөгчдийн онооны зөрүү харьцангуй бага гарсан байгаа юм. Харин хамгийн их зөрүү гарч байгаа хичээл бол гадаад хэл, тэр дундаа англи хэл байна. Тэгэхээр бид хамгийн түрүүнд англи хэлний хичээлийн хөтөлбөр, багшид анхаарах шаардлага нь харагдаж байгаа юм. Мөн байгалийн шинжлэх ухааны чиглэлээр тааруу үзүүлэлт үзүүлж байгаа сургуулиудад энэ чиглэлийн хөтөлбөрийн болон багшийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Байгалийн шинжлэх ухааны болон урлагийн чиглэлийн хичээлийн ач холбогдол, үр өгөөж, зайлшгүй сайжруулах ёстой хичээлийн агуулга гэдэг утгаар нь бид илүү гүнзгийрүүлсэн судалгааг судлаачидтай хамтран хийж байгааг хэлэх хэрэгтэй. Үүний хүрээнд тодорхой улс орон, байгууллагуудын хийсэн судалгаагаар бага насны буюу бага ангиудад хүүхдүүдийн STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн) боловсролын агуулгыг шинэчилж, өөрчлөх шаардлагатай нь нотлогдож байна. Хувийн өмчит сургуулиуд гэхэд бараг бүгд STEM боловсролыг түлхүү хөгжүүлээд эхэлсэн. Өөрөөр хэлбэл, бид гаднын хөтөлбөрийг өндөр өртгөөр худалдаж авч байснаас өөрсдийнхөө хоцорч байгаа агуулгуудаа сайжруулаад явах боломж байгаа юм.
Мөн намын мөрийн хөтөлбөр болоод Засгийн газрын мөрийн хөтөлбөрт боловсролын салбараар дамжуулж Монгол хүн бэлтгэх асуудлыг өмчийн хэлбэр харгалзахгүй хэрэгжүүлэх талаар тусгасан. Үүний хүрээнд гадаадад төрсөн монгол хүүхдүүд ч эх хэл, соёлоороо сурах эрхийг хангах чиглэлийг мөрийн хөтөлбөрт тусгуулж чадлаа.
- Боловсролын багц хуулийг шинэчлэхийн тулд та ямар манлайлал гаргаж ажиллах вэ?
- Миний хувьд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороогоор дамжуулж, мөн судлаачидтай хамтарч дараах ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Нэгдүгээрт, Боловсролын салбарын төсвийн хөрөнгө оруулалтын үр нөлөөг судалж, хэмжинэ. Асар их хэмжээний хатуу бүтэц рүү хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Энэ дунд гишүүдийн тойрогтоо нэг сургууль барих гэж шаардлагагүй газруудад том том сургууль барьсан тохиолдол цөөнгүй байдгийг бид ярьсаар ирсэн. Гэтэл яг шаардлагатай байгаа газруудад нь сургууль яагаад баригдахгүй байна вэ, мөн дээр ярьсанчлан хатуу дэд бүтцээс гадна хүнд чиглэсэн төсвийн зарцуулалтын үр нөлөөг хэмжих шаардлагатай.
Өнөөдөр дэд бүтцийн хувьд гэхэд, 2018-2019 оны хооронд ерөнхий боловсролын нийт 20 гаруй бүлэг буюу анги хичээллэж байгаагаас 11 хувь буюу 2,265 анги 41-70 суралцагчтай хичээллэж байна. Хатуу дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа энэ хэсэгт нь чиглүүлэх шаардлагатай. Нэг ангид 50-аас дээш хүүхэд суралцаж байна гэдэг нь эрүүл мэндийн талаасаа ч маш ноцтой явдал. Дээр нь сурагчийн сурах чанар, багшийн ачаалал гээд олон сөрөг зүйлд хөтөлж байна. Төсвийн зарцуулалтад дүн шинжилгээ хийхээс гадна боловсролын салбарын санхүүжилтийн ил тод байдлыг хангах нь маш чухал байна.
Хоёрдугаарт, сурлагын чанарт нөлөөлж буй хүчин зүйлд бид дүн шинжилгээ хийх шаардлагатай. Тодруулбал, сурлагын чанар сайн байгаа болон муу байгаа сургуулиудын ялгаатай байдалд нөлөөлж буй хүчин зүйлийг гаргаж ирэх шаардлага байна. Ингэж байж бид хаана ямар бодлого дутаад байгаагаа тодорхойлж хөрөнгө оруулалтаа зарцуулах шаардлагатай.
Гуравдугаарт, дээр ярианд олон удаа давтагдсан багш бэлтгэх сургалтын арга зүй, хөтөлбөрийг шинэчлэх ёстой. Үүний хүрээнд МУБИС-ийн үйл ажиллагааг шинэчлэх ёстой.
Дөрөвдүгээрт, ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийг сайжруулахын тулд сурах бичиг бүтээж буй багуудыг чанаржуулна. Өнгөрсөн 10-аад жилийн түүхийг харвал сурах бичиг бүтээх тодорхой хэдэн хаалттай баг ажилладаг юм билээ. Тендер авдаг хэдхэн цөөхөн хүнтэй болсон нь тодорхой байгаа. Тиймээс энэ багт салхи оруулахаас гадна сурах бичиг дэх агуулгын алдаатай болон давхардлыг арилгах шаардлагатайг багш нар өөрсдөө ч хэлж байна.
Мөн тэгш хамруулах боловсролын зарчмын хүрээнд нийгмээс орхигддог үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, гадаадад байгаа монгол хүүхдүүдийн эрх ашгийг анхааралдаа авч, зоригтой алхам хийх цаг нь болсон.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгүүлч Ч.Болортуяа