Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 31-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын гурван лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид 537 хүнд шинжилгээ хийхэд 533 хүнээс коронавирус илрээгүй. Дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Энэ нь есдүгээр сарын 2-нд Сиатл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 84, 83, 63, 57 настай эмэгтэйд коронавирус илэрсэн.
Есдүгээр сарын 2-нд ирсэн Сиатлаас ирсэн 250, ХӨСҮТ-д тусгаарлагдсан таван хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 29 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй. Мөн Дорнод аймагт тусгаарлагдсан 47 хүн, Өмнөговь аймагт тусгаарлагдсан хоёр хүн, сувилалд тусгаарлагдсан гурван хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 33 жолооч, тандалтын зорилгоор авсан гурван хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.
Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн нийт 310 батлагдсан тохиолдлын 296 нь эдгэрлээ. Нийт халдвар авсан хүмүүсийн 95.4 хувь нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар сувиллын ажиглалтад 16, гэрийн тусгаарлалтад 25, ажиглалт, тусгаарлалтын хугацаа дууссан 255 хүн байна.
Одоогийн байдлаар халдвартын клиникт 14 хүн эмчлүүлж байна. 13 хүний байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-д ажиглалт, тандалтад 33 хүн байгаа” гэв.