ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн COVID-19 халдварын талаарх судалгааны тоймыг танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд эрдэм шинжилгээ, судалгааны 64 мянга 845 өгүүлэл хэвлэгджээ. Эмнэл зүйн 3232 туршилт судалгаа явагдаж байгаагаас 316 нь дууссан байна. Мөн вакцин бүтээх 176 туршилт судалгаа хийгдэж байгаа.
Хятадын судлаачид 24 мянга 789 хүнийг хамруулсан сэтгэл зүйн байдлыг тандах судалгааг хийжээ. Сэтгэл түгших, гутрах шинж тэмдэг судалгаанд оролцогчдын 52 хувьд илэрсэн бөгөөд эрэгтэйчүүдийн дунд илүү түгээмэл байна. Орлого бага, боловсролын түвшин доогуур, халдварын талаар үнэн зөв мэдээлэлгүй болон дасгал хөдөлгөөний дутагдалтай байх нь сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлж байгааг судлаачид тогтоожээ.
Италийн судлаачид ард иргэдийн дунд COVID-19 халдварын эсрэг биетийн тархалтыг судалжээ. Судалгаанд хамрагдсан 3609 хүний 11 хувьд эсрэг биет үүссэн байна. Мөн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын халдвар авах магадлал жирийн иргэдийнхээс 2.5 дахин, өндөр настайчуудын асрамжийн газарт амьдардаг бол 5 дахин их байгааг тогтоожээ.
Боловсролын салбар дэлхий даяар хөл хорионы дэглэмд шилжиж байгаа. Румын улсын эрдэмтэд Европын 13 орны их сургуулиудын 366 багш, оюутнуудыг хамруулсан судалгааг хийхэд оролцогчид цахим байдлаар суралцах үйл явцад эерэг хандлагатай байсан ч танхимын сургалтыг илүүд үзсээр байна.
Олон улсын валютын сан хөгжиж буй орнуудад нийт 90 тэрбум ам.долларын зээл олгожээ
Кембрижийн их сургуулийн эрдэмтэд олон улсын санхүүгийн тусламж үзүүлдэг байгууллагуудын цар тахалтай холбогдуулан хөгжиж буй орнуудад үзүүлж буй дэмжлэгт үнэлгээ хийсэн байна. Олон улсын валютын сан цар тахлын үед шинэ сан байгуулан ажиллаж байгаа бөгөөд долдугаар сарын байдлаар хөгжиж буй орнуудад нийт 90 тэрбум ам.долларын зээл олгожээ. Энэ нь тус сангийн санхүүгийн нөөц бололцооны 13 хувьтай тэнцэж байгаа аж.
Их Британид гоо сайхны мэс заслын үйлчилгээг шаардлагагүй тохиолдолд хориглох зааврыг гаргаж, батлуулсан байна. Үүнтэй холбогдуулан гоо сайхны мэс засалчдын дунд судалгаа явуулахад 98 нь цахимаар үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Гоо сайханчдын 74 хувь нь өмнө нь цахимаар үйлчилгээ үзүүлж байгаагүй хэдий ч цар тахлын дараа 98 хувь нь цахимаар үйлчилгээ үзүүлсээр байна хэмээжээ.
Цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэл огцом нэмэгдсэн
Бангладеш улсад цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэл огцом нэмэгдсэн талаар судалгааны дүн гарсан байна. Тус улсын 27 дүүрэгт хийсэн судалгаагаар2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар 4,249 эмэгтэй, 456 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бөгөөд 1,672 эмэгтэй, 422 хүүхэд нь анх удаа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болохыг тогтоожээ.
Хөл хорионы үед авто ослын тоо 81 хувиар буурчээ
АНУ-ын судлаачид 2020 оны осол гэмтлийн тоог өмнөх онтой харьцуулан судлахад, Нью Хемпшир мужийн гэмтлийн эмнэлэгт хөл хорионы үеэр авто ослын тоо 81 хувиар, гэмтэлтэй холбоотой үзлэгийн тоо 43 хувиар тус тус буурчээ. Гэсэн хэдий ч архины хордлого, өндрөөс унах, амиа хорлох оролдлого эрэгтэйчүүдийн дунд өсөх хандлагатай байгааг судлаачид анхааруулжээ.