Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
Дэлхий дахинаа 26,006,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 872,000 хүн энэ өвчний улмаас эндсэн бол 18 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Халдвар 4-5 хоногт 1 саяар нэмэгдэж байсан бол энэ долоо хоногийн хувьд гуравхан хоногт 1 саяар нэмэгдэж, 26 саяд хүрлээ.
24 цагийн хугацаанд 279,000 хүн шинээр халдвар авч, 6,000 гаруй хүн эндсэн байна.
Манай хөрш ОХУ-д 4,995 хүн шинээр халдвар авч, 114 хүн эндсэн. Харин БНХАУ-д 33 тохиолдол шинээр бүртгэгдсэний 8-г нь гадаад улсаас зөөвөрлөгдсөн гэж үзжээ. Япон улсад 659 хүн халдвар авч, 7 хүн эндсэн байна. БНСУ-д 189 тохиолдол шинээр бүртгэгдсэний 9-г нь гадаад улсаас зөөвөрлөгдсөн гэж үзжээ. Өчигдөр тус улсын эрүүл мэндийн дэд сайд халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх болохыг мэдэгдсэн. Үүнд буруу ташаа мэдээлэл тараах, ард нийтийн сэтгэл санааг үймрүүлсэн үйлдэл нь хуулийн хариуцлага хүлээхэд хүргэнэ гэдгийг онцлон хэллээ.
Дэлхийн улс орнуудад хийгдэж буй судалгааны ажлууд, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээнүүдийг танилцуулъя.
Тайланд улсад сүүлийн 100 гаруй хоногт шинэ халдвар бүртгэгдээгүй байсан ч өчигдөр хорих ангийн 37 настай хоригдолд вирус илэрсэн байна. Тухайн хүн гадаад улсад аялаагүй, өвчтөнтэй хавьтал болоогүй гэсэн өгүүлэмжтэй байгаа тул энэ тохиолдлыг сайтар судлах хэрэгтэйг эрдэмтэд зөвлөж байна.
Чикакогийн их сургуулийн эрдэмтэд Д витаминаар дутагдах нь коронавируст халдвараар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлж байна гэх судалгааны дүнг дахин баталгаажууллаа.
АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс их, дээд сургуулийн орчин, ялангуяа бүх байгууллагын цахилгаан шатанд тамхи татахыг хориглох шийдвэр гаргах талаар мужийн захирагч нарт шаардлага хүргүүлжээ.
Манай улсын хувьд өчигдөр 217 хүн шинээр тусгаарлалтад орж, 12 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, одоогоор нийт 3,896 хүн тусгаарлах байранд байна. Цэргийн төв эмнэлэгт байгаа 72 хүний хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа" хэмээн ярилаа.