УОК-оос өнөөдөр мэдээлэл хийлээ. Наймдугаар сард нийт 18 удаагийн татан авалт хийж иргэдийг эх оронд нь авч иржээ.
Өнөөдрийн байдлаар 63 тусгаарлан, ажиглалтад 3,231 иргэн байгаа аж. Тодруулбал, Улаанбаатар хотод 2,685, орон нутагт 546 хүн байна.
УОК-ын шуурхай штабаас наймдугаар сард хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Есдүгээр сарын 9-нд Япон улс руу нисэхээр төлөвлөсөн тусгай үүргийн нислэгийг гурав хоногоор хойшлуулахаар болсон. Тодруулбал, энэ сарын 12-нд Япон улс руу тусгай үүргийн нислэг үйлдэнэ.
Сөүл хотын ЭСЯ-ны гадна иргэд олон хоног суулт хийж байна. БНСУ-д халдварын хоёр дахь давлагаа эхэлсэн энэ үед суугаа орныхоо халдвар хамгааллын дэглэмийг сахихыг иргэдээс хүсье. Та бүхэн суулт хииж, өөрсдийг битгий эрсдэлд оруулаач гэдгийг хэлмээр байна. ОХУ, БНХАУ-аас ирэх хүсэлт гаргасан цөөн тооны иргэдийг авч ирэх товыг удахгүй гаргана.
Сөүлээс гадаад улсын иргэдийг авч ирсэнтэй холбоотой янз бүрийн мэдээлэл гарч байна. Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор гадаад багш нар, ЭСЯ-ны ажилчид гээд олон хүн Монголд ирэх хүсэлт ирүүлсэн. Тиймээс бид 16 улсын 100 гаруй иргэнийг авч ирсэн” гэлээ.