Улсын хэмжээнд наймдугаар сарын 31-нд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 31-ний өдөр гурван лабораторид нийт 318 хүний сорьцод шинжилгээ хийхэд гурван хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ. Эдгээр хүмүүс нь наймдугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 60 настай эрэгтэй, 21 настай, эрэгтэй, 58 настай эмэгтэй. 315 хүний сорьцод коронавирус илрээгүй.
Шинжилгээнд хамрагдсан хүмүүс:
Наймдугаар сарын 20-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 263 хүн
Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 22 жолооч
ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй 3 эмч, ажилтан
Тандалтын 3 хүн
Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ
Сувилалд тусгаарлагдаж буй 11 хүний давтан
Тусгаарлан ажиглах байранд буй 7 хүний давтан шинжилгээнээс тус тус коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 9 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь хөнгөн байна
Монгол Улсад коронавируст халдварын зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 304 боллоо. Үүнээс 295 нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 29 нь сувилал, 40 нь гэрийн ажиглалтад, 226 хүн ажиглалтын хугацаа дууссан байна.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 9 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь хөнгөн байна" гэв.