Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны (2020.08.25)-ийн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг боловсролын тэгш байдлыг нэмэгдүүлэх талаар тодорхой саналуудыг тавилаа.
УИХ-ын зарим гишүүн кембрижийн сургалтын хөтөлбөрийг өргөжүүлэх талаар санал гаргасны дараа тэрбээр энэ талаар багш нар, эцэг эхчүүд, боловсролын салбарт ажиллаж байгаа 300 орчим хүнээс салан асуулга явуулахад 60 гаруй хувь нь эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр "Монголын боловсролын салбарт тэгш бус байдал газар авсан энэ үед нийт хүүхдийнхээ 10 хувьд ч хүрэхгүй кембрижийн сургалтыг өргөжүүлэх зардлыг нэмэхийн оронд суурь боловсролын чанарыг нийтэд нь сайжруулж, англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Суурь боловсролыг өгч байгаа улсын сургуулиудын нийт боловсон хүчин, хөтөлбөрүүдээ дэмжээд явъя. Тухайлбал, багш нарын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн халамжийн бодлогоор дэмжих, ялангуяа хөдөө орон нутаг дахь залуу багш нарын орон сууцыг шийдэх, бүсийн нэмэгдлийн хэмжээг өсгөх шаардлагатай" гэв.
Энэ талаар ТББ-уудаас ч мөн санал ирүүлжээ. Тухайлбал, Боловсролын зөвлөгөө мэдээлэл өгөх төв өнгөрсөн 9 жилийн хугацаанд Улаанбаатар аймгийн алслагдсан дүүрэг, Дорнод зэрэг холын аймгуудын, өрхийн орлого багатай, ядуу 600 өрхийн хүүхдүүдэд англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд нийт улсын сургуульд англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлснээр олон улсын сургуулиудад тэнцэх монгол хүүхдийн тоо эрс нэмэгдэнэ гэсэн үг дүн гарчээ.
Мөн улсын сургуулийн хүүхдүүдийн англи хэлний боловсролыг төрийн бодлогоор дэмжвэл кембрижийн сургалтыг хэдхэн сургуульд явуулснаас илүү өндөр үр дүн гарна гэж үзсэн байна. Түүнээс гадна шалгалтуудын дүнгээс харахад байгалийн шинжлэх ухааны хичээл дээр улсын болон хувийн сургуулиудын хүүхдүүдийн онооны зөрүү их биш ч англи хэлний шалгалт дээр маш их зөрүүтэй байгаа.
Тиймээс УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгээс англи хэлний хөтөлбөрийг нийт улсын сургуульд хэрэгжүүлэх санал гаргаж байгааг тэрбээр хэлэв.
Боловсролын тэгш бус байдлыг гүнзгийрүүлэхгүй, хүртээмжтэй, чанартай боловсролыг олгох ёстой.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "МАН зүүн төвийн нам буюу нийгмийн тэгш байдлыг дэмждэг. Тэр утгаараа боловсролын тэгш бус байдлыг гүнзгийрүүлэхгүй, хүртээмжтэй, чанартай боловсролыг олгох ёстой. Үүний нэг гол шалгуур бол төрөөс ашгийн бус сургалтын байгууллагуудыг дэмжих.
Маш олон сургууль 10 саяас дээш, дээд тал нь 60 сая төгрөгийн төлбөртэй байна. Ийм өндөр төлбөртэй сургуулиудад хувьсах зардлыг олгохоос илүүтэй хүн амын 90 хувийг хамардаг улсын сургуулиудаа дэмжих ялгаатай бодлого хэрэгжүүлэх ёстой.
Үүнийг таван жилийн хөтөлбөртөө оруулъя.
Мөн хилийн чанадад байгаа монгол хэл соёл заадаг боловсролын байгууллагуудын статусыг төрөөс баталгаажуулж, тэнд багшилж байгаа ажилчдын нийгмийн даатгал бусад зардлыг төрөөс дэмжье.
Иргэдийнхээ улс төрийн эрхийг хангах ажлыг таван жилийн төлөвлөгөөндөө оруулах ёстой. Монголчууд сонгуульдаа оролцож, монгол иргэнийхээ хувьд төрийнхөө дэмжлэг, хамгаалалтад байх ёстой. Тиймээс хилийн чанад дахь төрийн бодлогыг өргөжүүлэх, хилийн чанад дахь иргэдийн санг төрөөс нэмэх ёстой" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Эх сурвалж: ikon.mn