Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд хийх ажлын талаар хэлэлцлээ

Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.

Монгол УИХ-ын даргын 2020 оны долоодугаар сарын 29-ний өдрийн 12 дугаар захирамжаар уг ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссыг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханаар ахлуулан байгуулсан юм. Өнөөдөр (2020.08.24) комиссын гишүүд хуралдаж, ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцэв.

Комиссын бүрэлдэхүүнд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, С.Батболд, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ-ын даргын зөвлөх Д.Лүндээжанцан, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар, Байнгын ажиллагаатай анхны парламентчдын холбооны тэргүүн Д.Балдан-Очир, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Төрийн ёслолын хэлтсийн дарга Э.Одмөнх,  УИХ-ын Тамгын газрын Ахмадын хорооны дарга Ш.Ринчин нар ажиллаж байна.

Дашрамд тэмдэглэхэд, мөн энэ онд Монгол Улсад Байнгын ажиллагаатай Парламентын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.