Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр дэлхийн улс орнуудад хийгдэж буй судалгаа шинжилгээний талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр "Европын улсуудад хязгаарлалтын дэглэмийг бууруулснаас хойш өдөрт дунджаар 26 мянган тохиолдол бүртгэгдэж эхэлсэн. Тохиолдлын тоо ийнхүү огцом өссөн нь дэглэмийг бууруулсан, мөн иргэд тайвширч, маскаа зүүгээгүй, хүн хоорондын зайгаа бариагүй, гараа сайн угаагаагүйгээс болсныг ДЭМБ хэлжээ.
Атланта мужийн Emory их сургуулийн судлаачид нэгэн судалгаа хийсэн байна. Тодруулбал, өвчлөл цөөхөн тоогоор бүртгэгдэж буй хэдий ч өвчний голомт тасрахгүй байгаа нь хот суурин газраас хөдөө нутгийн хүн ам руу тархах үзэгдэл ажиглагдаж байгааг баталжээ.
Түүнчлэн 20-40 насныхан их өвчилж, халдвар тарааж байгааг анхааруулсан” гэлээ.
Манай улсын хувьд тусгаарлах ажиглалтад шинээр 70 хүн орж, 281 хүн тусгаарлалтаас гарч гэрийн ажиглалтад шилжсэн болохыг хэллээ. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 52 хүн эмчлүүлж байгаагаас гурван хүн эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал нь хүндэвтэр байна.