Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан CoVid19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 216 улс, бүс нутагт CoVid19 бүртгэгдэж, 22 сая 490 мянган хүн өвчилж, 790 мянган хүн эндсэн байна. Харин 15 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Дэлхийд 24 цагийн дотор 239 мянган хүн шинээр халдвар авч, 5000 гаруй хүн эндсэн.
Манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор 4785 гаруй хүн шинээр халдвар авч, 110 хүн энджээ.
БНХАУ-д 40 тохиолдол шинээр бүртгэгдсэний 22 нь гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн.
Япон, Солонгос улсад халдварын тохиолдол нэмэгдэж байна. Ялангуяа Японд 1195 хүн халдвар авч, 11 хүн энджээ. Бүх өвчлөлийн 54 хувийг 20-35 насны залуучууд эзэлж байна. Солонгос улсад 324 тохиолдол бүртгэгдэв. Үүний 8 нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн гэж үзжээ. Сүмийн үйл ажиллагаатай холбоотойгоор халдвар голомтлон тархаж байна.
Европын орнуудад хязгаарлалтын дэглэмийг сулруулснаас хойш өдөрт дунджаар 26 мянган тохиолдол бүртгэгдэж байна. Олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих дэглэмүүдийг сулруулсан нь ийм үр дүнд хүрч байгааг ДЭМБ онцолсон.
Манай улсад 2770 хүн тусгаарлалтад байна. Цэргийн төв эмнэлэгт 52 хүн эмчлүүлж байгаагаас гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэлээ.