Иргэдийг сайжруулсан түлшээ нөөцөлж, өвөлжилтийн бэлтгэлээ хангахыг уриалж байна

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх хүрээнд нэг сарын аяныг эхлүүлсэн. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, дүүргүүд, хороо, хэсгийн ахлагч, орон тооны бус албан хаагч нийт 6000 гаруй төрийн албан хаагчид иргэдэд сайжруулсан түлшийг хэрэглэх, угаарын хий мэдрэгчийн талаар заавар, зөвлөмж өгч ажиллаж байна. Иймд иргэд та бүхэн гэр, байшингаа дулаалах, угаарын хий мэдрэгчийн бүрэн бүтэн байдлыг хангах, сайжруулсан түлшээ нөөцлөх, стандартын шаардлага хангасан зуухыг хэрэглэх зэргээр өвөлжилтийн бэлтгэлээ хангахыг уриалж байна” гэв.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “НОБГ, нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтран Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнд завьт эргүүлийг өдөр бүр зохион байгуулж байгаа. Энэ хугацаанд нийт 300 орчим хүний амь насыг авран хамгаалсан. Өнөөдрийн байдлаар гурван иргэнийг эрэн хайх ажиллагааг Хан-Уул болон Налайх дүүрэгт явуулж байна. Иргэд гол дагуу амарч зугаалах үедээ анхаарал болгоомж алдах, ялангуяа бага насны хүүхэд тавих хяналтаа сулруулах, согтууруулах ундаа хэрэглэснээс болж усанд осолдох тохиолдол буурахгүй байна. Маргаашаас эхлэн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагуудтай хамтран Туул гол дагуух 40 км газарт эрчимтэй хяналт шалгалтыг явуулна. Учир нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, цагдаад бүртгэлгүй цогцосыг завьт эргүүлээр явж байхдаа аврагчид олж таниулах ажиллагааг явуулж байна. Мөн тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагууд нийслэлийн товчоодод хяналт шалгалт явуулж байна. Иргэд тарваганы мах оруулж ирэх зөрчил илэрсээр байна. Ард иргэд тарваганы мах хэрэглэхгүй, худалдан авахгүй, худалдаалахгүй байхыг анхааруулж байна” хэмээлээ.

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Монгол Улсын хувьд “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол 298 байна. 281 иргэн эдгэрч, 17 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 19-өөс өнөөдрийг хүртэл 10040 иргэн гэрийн тусгаарлалтад орсон. Өнөөдрийн байдлаар 1264 иргэн өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байна. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яам, нийслэлээс өгч буй зөвлөмжийн дагуу гараа ариутгаж, маскаа зүүж, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийхийг сануулж байна” гэлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс