Худалдааны төв, томоохон захуудад лангуу түрээсэлж буй бичил бизнес эрхлэгчид НӨАТ-ын баримт олгодоггүй. Үүний гол шалтгаан нь цаас, НӨАТ-ын баримт хэвлэх машин авах нь зардал өндөр хэмээн тайлбарладаг. Тэгвэл бизнес эрхлэгчид QR код ашиглан, худалдан авагчид НӨАТ-ын баримт олгох боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл, иргэд худалдагчийн өгсөн QR кодыг уншуулан НӨАТ-ын баримтаа авах юм.
Энэхүү хялбар үйлчилгээг НӨАТ-ын баримт хэвлэх машингүй болон тог цахилгаанд холбогдоогүй, өдөрт цөөн тооны гүйлгээ хийдэг татвар төлөгчид ашиглах боломжтой юм. Мөн иргэд И-баримттай холбоотой гомдол мэдээлэл гаргаж болох аж. Эхний ээлжид 17 мянга гаруй бичил бизнес эрхлэгчид QR код байршуулах төлөвлөгөөтэй хэмээн Татварын ерөнхий газраас мэдээлэв.
Энэ үеэр Татварын ерөнхий газрын дэд дарга Б.Заяабал "Хамгийн гол зорилго нь НӨАТ төлөгчдийн тоог нэмэгдүүлэхэд оршино. Иргэдэд баримтын буцаан олголтыг богино хугацааны давтамжтайгаар олгох нь баримт оруулах идэвхийг нэмэгдүүлдэг гэх судалгаа бий. НӨАТ-ын шинэ хуульд зааснаар эхний хоёр улирлын байдлаар нийт 830 мянга гаруй иргэнд буцаан олголт өгсөн. Баримт олгодоггүй ААН-ийн тоо жил ирэх тусам буурсан үзүүлэлттэй байгаа нь хуулийн хэрэгжилт сайн байгаагийн илрэл юм. Засгийн газраас хэрэгжүүлсэн төрийн үйлчилгээг цахимжуулах хөтөлбөрийн хүрээнд тус арга хэмжээг хэрэгжүүлж байна. Томоохон аж ахуйн нэгжүүдэд QR кодыг томоор хэвлэн наах бөгөөд бичил бизнес эрхлэгчид утасны ардаа наалт хэлбэрээр QR кодыг байршуулах боломжтой" гэсэн юм.