Завхан аймгийн “Доной” нисэх буудалд Бельги улсын ADB фирмийн Гэрэл суулт болон PAPI системийг Алсын хяналт, удирдлагын системийн хамт иж бүрдлээр нь суурилуулж ашиглалтад оруулсан талаар Иргэний Нисэхийн Ерөнхий газар мэдээллээ.
Ингэснээр Доной нисэх буудал нь үзэгдэх орчин хязгаарлагдмал өдрийн цагаар болон шөнөөр агаарын хөлөг хүлээн авах боломжтой болж байгаа юм байна.
Суурилуулалтыг Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын А/113 тоот тушаалаар томилогдсон Холбоо навигаци ажиглалтын албаны Навигацийн хэсгийн Гэрэл суулт, цахилгааны тасгийн инженер, техникийн ажилчид өнгөрсөн сарын 1-нээс энэ сарын 5-ны хооронд төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэжээ.
Харин тухайн ажлын барилга угсралтыг “Хан жаргалант стоунс” ХХК туслан гүйцэтгэж, Гэрэл суулт, цахилгааны тасгийн инженер, техникийн ажилчид суурилуулалтын ажлыг удирдан зохион байгуулсан байна.
Доной нисэх буудлын 2,860м урттай, 30м өргөнтэй хөөрч буух хатуу хучилттай зурваст нийт 170 ширхэг гэрэл суурилуулжээ.