Ц.Мөнхцэцэг: Цахим орчинд хүний эрхийг хангах хуультай болох ёстой

Сүүлийн жилүүдэд сошиал сувгуудын хэрэглээ нэмэгдсэнтэй холбогдуулан цахим орчинд бусдын зургийг зөвшөөрөлгүй нийтэлж, нэр хүндэд нь халдах явдал газар авах болов. Ялангуяа хэн нэгний зургийг зөвшөөрөлгүй авч, баримтгүйгээр гүтгэх, гутаан доромжлох зэрэг хүний эрхийн ноцтой зөрчлүүд нэлээд гарч буй.  

Үүний нэг жишээ нь наймдугаар сарын 10-ны өдөр алдарт эхийн одон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас гардан авсан Н.Ариунсайхан гэх бүсгүй юм. Түүнийг фэйсбүүкийн зарим хэрэглэгчид 23 настай алдарт эх, насанд хүрээгүй байхдаа хүүхэд төрүүлсэн, ганц бие ээж зэргээр бичиж, шүүмжлэх өнгө аяс давамгайлав. Үнэн хэрэгтээ бүсгүй 30 настай бөгөөд анхны хүүхдээ 21 насандаа төрүүлж, нөхөр, дөрвөн хүүхдийнхээ хамт Өмнөговь аймгийн Ханбогд суманд хувиараа бизнес эрхэлж амьдардаг юм.

Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд "23 насандаа 4 хүүхэд гаргалаа" гэж сошиалд элдвээр хэлүүлсэн энэ бүсгүйн асуудлыг зүгээр нэг орхиж болохгүй. Цахим орчинд хүний нэр төрийг гутаан доромжилсон гэмт хэрэг. Цахим орчинд хүний эрхийг хангах асуудлыг бид шинээр харж, шаардлагатай хууль тогтоомжийг гаргах ёстой. Дуртай нэг нь хүний зургийг тавиад худал мэдээлэл тарааж, сэтгэл санааны болон нэр төрд хохирол учруулж байхад нийтээр хараад сууж байдгийг өөрчилье. УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд энэ асуудлаар бусад гишүүдийн хамт ажиллах болно" гэжээ.

Мөн тэрбээр хоёр жилийн өмнө хамгийн өндөр ёс журамтай, сахилга баттай гэгддэг Германд цахим орчинд худал мэдээлэл тараах явдлын эсрэг хуулиа баталж, хүний эрхийг дээдлэн ажиллаж байгаа талаар жиргэжээ. 

Н.Ариунсайханы тайлбарыг эндээс уншина уу.