Тарваган тахлаас сэргийлэхийг иргэдэд анхааруулаад байхад эрсдэлд орж, амиа алдах явдал гарсаар байна

Өнгөрсөн долоо хоногт ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг коронавирусийн голомтот бүсээс таван удаагийн нислэгээр ирсэн 1,150 иргэн, ачаа тээшинд нь ариутгал халдваргүйтгэл хийсэн болохыг ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр хэллээ.

Тодруулбал,

1,150 гадаад паспорт

1,157 гар тээш

28,000 килограмм ачаа

6,800 гаруй карго

5 агаарын хөлөг

44 тээврийн хэрэгсэлд эцсийн халдваргүйтгэл хийжээ.

Тэрбээр үргэлжлүүлэн “Энэ хугацаанд манай лаборатори зургаан тусгаарлах байранд байсан 378 иргэнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан.

Мөн Замын-Үүд боомтын явуулын лаборатори 234 иргэнээс сорьц авч, шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй. Хяналтын зорилгоор төмөр замын ажилчдаас шинжилгээ авахад коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар тарваган тахлын 12 сэжигтэй тохиолдол гарч, дөрөв нь батлагдсан бөгөөд Ховд, Говь-Алтай аймагт тус бүр нэг нас баралт бүртгэгдсэн. Иргэдэд анхааруулаад байхад эрсдэлд орж, амь насаа алдаж буй явдал гарсаар байна.

Бид холбогдох захирамжуудад үндэслэн Дархан, Орхон, Сэлэнгэ болон Алтанбулгийн боомтууд дээр холбогдох сургалтыг хийж байгаа” гэв.   

Удахгүй хичээл сургууль эхлэхтэй холбоотойгоор аль аль талдаа сонор сэрэмжтэй байж хяналт тавихыг ийнхүү Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж байна.