ОХУ дэлхийн улс орнуудаас хамгийн түрүүнд коронавирусийн эсрэг вакцин гарган авснаа зарлаад байгаа билээ. Тэгвэл тус улс нь вакцины эхний багцын үйлдвэрлэлийг хоёр долоо хоногийн дотор эхлүүлж, юун түрүүнд олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй эмч, эмнэлгийн ажилтнуудад хийнэ гэдгийг ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко өчигдөр /2020.08.12/ мэдэгджээ.
Мөн тэрбээр эхний ээлжинд вакцинаа дотоодын хэрэгцээг хангах хэмжээнд үйлвэрлэх ба үүний дараа Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан (RDIF) нь вакциныг гадаад руу гаргах талаар олон улс орнуудтай хэлэлцээ хийж байгааг онцолжээ.
Вакцины аюулгүй байдлын талаар уг вакциныг боловсруулсан Гамалейн нэрэмжит Эпидемиологи ба Микробиологийн судалгааны хүрээлэнгийн дарга Александр Гинцбург “Уг вакцин нь олон арван жилийн турш судлагдсан, шинжлэх ухааны платформ дээр суурилан бүтээгдсэн учир аюулгүй. Энэхүү платформыг генийн эмчилгээнд зориулан 25 жилийн турш хөгжүүлж, судалсан бөгөөд 2014 оноос сүүлийн жилүүдэд хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй вирусуудтай тэмцэх эм үйлдвэрлэхэд ашиглаж байсан. Үүнтэй ижил платформыг Эбола, MERS болон бусад өвчний эсрэг вакцин боловсруулахад ашигласан. Эбола вирусийн эсрэг вакциныг маш богино хугацаанд 15 сарын хугацаанд бий болгоход бидний ашиглаж буй энэ платформ маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Хожим ДЭМБ ч энэ амжилтыг өндрөөр үнэлсэн” хэмээн хариулсан байна.
Харин хүүхэд болон ахмад настнуудад уг вакциныг хийхийн тулд хэр хэмжээний тунг, хэрхэн хийх талаар нэмэлт судалгаа шаардлагатай байгаа учир эхний ээлжинд насанд хүрэгчдийг вакцинд хамруулахаар болсон байна. Түүнчлэн хүүхдүүдийг вакцинд хамруулахдаа гурван насны ангилалд хуваах шаардлагатайг албаны хүмүүс онцолжээ. Хүүхдүүд халдвар авах эрсдэл бага байгаа ч дархлаа султай хүүхдүүдийн хувьд эрсдэл нэмэгдэж байгаа юм.