Самар түүж яваад модноос унаж бэртсэн иргэнийг эмнэлэгт хүргэжээ.
Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Баруун салааны аман дахь “Баян-Уул” амралтын газраас хойд зүгт 1.5 километрт зургаан иргэн самар түүж явсны нэг нь буюу 32 настай, эрэгтэй Д модноос унаж бэртсэн байна.
Тэднийг уулнаас буулгаж өгөх хүсэлтийг Эмнэлгийн байгууллагаас Онцгой байдлын газарт мэдэгджээ.
Хүсэлтийн дагуу нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Д модноос унаж, хэвлий хэсгээрээ модны мөчирт зоогдон, толгой нь хагарч ухаангүй байсныг дамнуурга ашиглан уулнаас буулгаж нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Энэ оны есдүгээр сарын 10-ны өдөр хүртэл самар түүж бэлтгэх хориотой тул иргэд хуш модны самар түүж бэлтгэх хугацаа болоогүй, болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг анхааруулж байна.
Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самар түүх, бэлтгэх, худалдан борлуулах зөрчил гаргасан иргэд, хуулийн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ авдаг.