Монгол жүжигчдийн Холливудын ододтой хамтран тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй” (Waiting for the Barbarians) кино энэ сарын 21-нээс Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр гарахаар болжээ. Тус кинонд жүжигчин, модель Б.Ганчимэг гол дүрд нь тоглосон бол Ардын жүжигчин П.Цэрэндагва, МУГЖ Д.Гүрсэд болон Г.Дөлгөөн-Эрдэнэ нар туслах дүрийг бүтээжээ. Мөн Оскарын шагналт жүжигчин Марк Райлэнс, алдарт жүжигчин Жонни Депп, Роберт Паттинсон нар гол дүрд хамтран тогложээ.
Эзэнт гүрний хил орчим өөрийн нутаг дэвсгэр дээр амьдрах уугуул иргэдийг зэрлэгүүд гэж нэрлэнэ. Зэрлэгүүд хот руу довтолно гэсэн худал цуу ярианаас үүдэж Эзэнт гүрний цэргүүд тус бүс нутагт ирж, зэрлэгүүдийг тамлан зовоодог. Харин эзэнт гүрний мэдлийн хот руу зэрлэгүүд хэзээ ч төлөвлөгөөгүй довтолгоонд бэлтгэнэ. Хот зэрлэгүүдийг хүлээнэ. Эцэст нь жинхэнэ зэрлэг нь хэн бэ гэдгийг ойлгуулах болно. Өөрөөр хэлбэл, соёлч нийгмээр халхалсан жинхэнэ зэрлэгүүдийн тухай энэ кинонд өгүүлэх болно.